“Моби Дээд Лиг”-ийн 10 багийн ирээдүйг шийдэх хариуцлагатай 10 тоглолт

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-29 07:34:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн болох “Моби дээд лиг”-ийн энэ улирал дуусахад хоёрхон тойрог үлдээд байна. 


Улирал дуусахад 2 тойрог буюу 10 тоглолт үлдээд байгаа ч лигийн аварга, медалийн эзэд, дээд лигтээ үлдэх багийн нэрс тодроогүй нь өмнөх жилүүдээс илүү сонирхолтой болгож байгаа юм. 


Аваргын алтан цомыг өргөж, Ази тивд өрсөлдөх эрхийн төлөө “Хаан Хүнс Эрчим” болон “Улаанбаатар” клубүүд улирлын турш хүч үзэж буй. Харин хэн нь энэ жилийн түрүү магнай болох нь шийдэгдээгүй эгзэгтэй цаг мөчид хоёр клуб 17 дугаар тойрогт учраа тааран тоглоно. Улирлын эхний хагаст “Хаан Хүнс Эрчим”, “Улаанбаатар”-ыг 1:0-ээр хожиж давуу байдлыг авсан бол 6 дугаар сарын 30-нд 13.00 цагаас эхлэх тоглолт хамгийн чухал тулаан байх юм байна. 


Ийнхүү энэ 2 баг аваргын төлөө хүч үзэх бол “Улаанбаатар сити”, “Төв буганууд”, “Дэрэн”, “СП Фалконс” гэсэн 4 клубийн залуус хүрэл медалийн төлөө гайхалтай өрсөлдөөнийг өрнүүлж байна. Учраа таарсан өрсөлдөгчид, урьд өмнөх тоглолтуудаас дүгнэн аль багийг хүрэл медалийн тавцанд гарахыг тааварлах аргагүй. Тиймээс хөлбөмбөг сонирхогчид фанатууд 18 дугаар тойргийн эцсийн шүгэл дуугарсны дараа л “Моби дээд лиг”-ийн хүрэл медалийн эздэд халуун алга ташилтаар баяр хүргэх юм байна.


Бүтэн улирлын хичээл зүтгэлээ медаль болгож, шилдгүүдтэй мөр зэрэгцэн зогсоно гэдэг бахархам үйл явдал. Мөн шагналт байранд шалгараагүй ч шилдгүүдийн эгнээнээс хасагдалгүй, дээд лигтээ үлдэнэ гэдэг лигийн тэмцээний бас нэгэн гайхалтай мөч, сайхан мэдрэмж билээ. Яг тэр л сайхан мэдрэмж, нэр төрийг өөрсдөдөө хадгалж үлдэхийн төлөө “Хангарьд”, “Би Си Эйч Лионс”, “Ховд” клубүүд гол өрсөлдөөнийг хийж байгаа юм.


10 дугаар байрт орсон баг ирэх улиралд Нэгдүгээр лиг рүү чансаа уруудан тоглох бол 9 дүгээр байрт орсон нь энэ улиралд Нэгдүгээр лигийн хоёрдугаар байрт орсонтой “Плэй офф”-ын тоглолт хийнэ. Тэгэхээр аль баг доош унах, эсвэл доош унахгүйн төлөө дахин шийдвэрлэх тулаан хийх эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа билээ. 

Бүтэн улирлын хүч хөдөлмөрөө амжилтаар өндөрлүүлэхийн төлөө хөлсөө шавхах шилдэг хөлбөмбөгчдийн өрсөлдөөнийг “Моби Дээд Лиг”-ийн 17, 18 дугаар тойргийн сонирхолтой тоглолтуудаас хөлбөмбөгийг дэмжигч үзэгч, фанатууд харах л үлджээ. 


Иргэд дээд лигийн тоглолтын тасалбараа “MonPay” аппликэйшнээр аваад “Катар 2022” ДАШТ-ийг азтан болох боломжтой гэдгийг МХБХ-ноос мэдээллээ.

Холбоотой мэдээ