Г.Занданшатар: Үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон наадмаа зөрчилгүй зохион байгуулах боломж бүрдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг эцэслэн батлав.
Дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы энэ сарын 17-ны хуралдаанаар хийж эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээд байсан юм.
УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталсан. Гэхдээ нийт гишүүдийн олонх дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлахыг дэмжсэнгүй. Тиймээс уг хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд буцааж, дахин боловсруулах чиглэл өглөө.
УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталснаар үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон монгол наадмаа зөрчилгүйгээр зохион байгуулах боломж бүрдэж буйг дурдаад, энэ чиглэлээр холбогдох яамд, ажлын баг, холбоод онцгой анхаарч, баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэхэд хүчээ нэгтгэн ажиллахыг уриалав.
Мөн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, эцэслэн баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонссоноор хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.