Хагас жилд 242 хүүхэд мориноос унаж бэртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
bolor@montsame.mn
2022-06-28 12:19:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ зун мориноос унаж гэмтэл авсан болон  могойд хатгуулсан  хүүхдийн тоо харьцангуй их байгаа тухай ГССҮТ-ийн мэдээлэв.


2022 оны эхний хагас жилийн байдлаар тус төвийн яаралтай түргэн тусламжийн тасагт мориноос унаж гэмтсэн шалтгаанаар нийтдээ 600 гаруй хүн ирснээс  242 хүүхэд аж.  Үүнээс 18-аас дээш насныхан 358 хүн байна.

Мориноос унаж гэмтсэн хүүхдүүдийн дийлэнх хувийг 8-11 насныхан эзэлж байгаа бөгөөд ихэнх нь тархины гэмтэл, дээд, доод мөчний хугарал, гэмтэлтэй байсан байна. Улсын баяр наадам дөхсөнтэй холбоотой сүүлийн долоо хоногт мориноос унаж бэртэн ирж байгаа хүүхдийн тоо эрс нэмэгдсэн гэдгийг ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгаас онцгойлон анхаарууллаа

Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүй морь унуулахгүй байх, хамгаалалтын бүрэн хувцас өмсүүлэх, хүүхдийг уралдааны морь унаж сурсан үед нь уралдаанд оролцуулах, эмээлийн олом чанга эсэхийг шалгаж байж морь унуулах, уралдаанд оролцохдоо унаач хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарахыгг ГССҮТ-өөс зөвлөв.

Холбоотой мэдээ