Ардчилсан Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн протоколоос

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-06-27 17:55:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээр хэлэлцэж байгаа энэ өдрүүдэд бид Анхны ардчилсан Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн протоколоос цувралаар хүргэж байна.

 

Бидний өнөөдөр өөрчлөхөөр ярьж байгаа томоохон асуудлууд тухайн цаг үед хэрхэн яригдаж хэн ямар санал гаргаж байсныг багтаасан протоколыг Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж нэрээр хэвлэн гаргаад байгаа юм .

 

УИХ-ын ээлжит чуулган түр завсарлаж гишүүд тойрогтоо ажиллаад ирсэн байна. Сонгогдсон тойрогтоо гишүүдийн ажиллах болсон онцгой нөхцөл нь парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  талаар мэдээлэл сонгогч иргэдэд өгөх байсан.

 

Ардчилсан шинэ үндсэн хууль буюу Монгол улсын сүүлийн 100 жилд бүтээсэн дөрөв дэх Үндсэн хуулийг боловсруулан хэлэлцэж өнөөдрийн төрийн тогтолцоо, тэр дундаа УИХ-ын бүтцийг бий болгох, гишүүдийн тоо тогтоох талаар  БНМАУ-ын Улсын Бага Хурал (УБХ)-ын  1991 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Үндсэн хуулийн бүх ард түмнээр хэлцүүлэх төслийг  хэлэлцүүлэн дэлгэрэнгүй тэмдэглэл (71-73 дугаар хуудас)-ээс  зарим нэгийг  та бүхэнд хүргэе.


Гэхдээ энэ төсөл нь Ардын Их Хурал  (АИХ) хэлэлцэж баталсан Ардчилсан шинэ Үндсэн хуулийн төсөл бус. Харин Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссоос боловсруулж УБХ-ын хуралдаанд оруулж бүх нийтээр хэлэлцүүлэхээр бэлтгэсэн төсөл гэдгийг дээр хэлсэн билээ. Нэг үгээр хэлбэл мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн арга яс тухайн үед хэрхэн бүрэлдсэн  эхний үе шатыг   уншигч танд хүргэж байна. Тухайн үеийн УБХ-ын нарийн бичгийн дарга  Б.Чимид УИХ-ын бүтцийн талаар доорх саналыг  гаргажээ.

Тухайлбал:

  • нэг танхимтай энэ чигээр нь байлгая /төслийн/,
  • хоёр танхимтай болгох,
  • Их хуралтай,түүнээсээ  гарсан цөөн гишүүнтэй байнга  ажилладаг.  Бага хурал шиг юм уу. Урьдын АИХ-ын Тэргүүлэгч маягтай байлах гэсэн 3 санал тухайн үед гаргаж байжээ.

Р. Гончигдорж:- Үндсэн  саналаа (төслийн) хадгалаад хажуугаас нь орж ирсэн 2 санал дээр санал хураалт явуулна. Сонгомол утгаар 2 танхимтай байя гэсэн саналыг дэмжиж  байгаа дээр  санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 8,
  • татгалзсан 28,
  • түдгэлзсэн 1  олонхын дэмжлэг авахгүй байна.

Дараа нь Их хурлаас ээлжлэн сонгогдож, хууль тогтоох байнгын байгууллага нь ажиллаж байх, ийм томьёоллыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 11,
  • татгалзсан 28,
  • түдгэлзсэн 1, олонх биш байна. Ингээд үндсэн агуулга үлдлээ

Б. Чимид:- Гишүүний тоог тогтооно, тогтоохгүй, тогтоовол 75 байлгаж, эсвэл 75-100 байлгаж,130, 150 байна гэсэн тоо өөрөөр хэлбэл 75-аас дээш байна гэж.

Р. Гончигдорж:- Ерөнхий агуулгаар нь эхлээд энд парламентын гишүүдийн тоог, заана, заахгүй гэсэн 2 зүйл дээр анзаарч үзээд, зааж байгаа нь байгаа учраас заахгүй гэж байгааг хажуугийн санал болгож оруулъя. Ингээд заахгүй гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • Зөвшөөрсөн 8,
  • татгалзсан 31,
  • түдгэлзсэн 1, олонхын дэмжлэг хүлээхгүй байна. Энд тоог нь зааж өгье гэж тогтлоо. Цаана нь олон олон тоо байгаа учраас энд онцгой тохиолдол гаргаад 75 гэдгийг зөвшөөрч байгаа дээр санал хураалт явуулъя.
  • зөвшөөрсөн 17,
  • татгалзсан 18,
  • түдгэлзсэн 5, зөвшөөрөгдөхгүй байна. Гэхдээ үндсэн санал хэвээрээ байгаа шүү. 

П. Улаанхүү:-Тоогоо орхичхоод,Ерөнхийлөгчийг яаж сонгох вэ гэдгээ ярьчхаад, эргээд тооруугаа ормоор байна.

Р. Гончигдорж:-Тоон дээрээ тус тусад нь ярья даа. Гарсан тоонууд дээрээ л ярья.50 гэж гарсан 51 гэж гарсан. 120 гэж гарсан.

П. Улаанхүү:-Ерөнхийлөгчийг хаанаас сонгох вэ гэдгээ ярихад 75 хүн дотроос ерөнхийлөгч сонговол, утга учир муутай байгаа юм. Тэгэхээр Ерөнхийлөгчөө хаанаас сонгох вэ? Их хурлаас сонгоно гэвэл Их хурлын гишүүний тоо  100 орчим байвал иргэд  хүлээн авах юм шиг байгаа юм. Ерөнхийлөгчийг парламентаас сонгоё  гэвэл гишүүний тоо 190, 110 орчим баймаар... Парламентыг ард түмнээс сонгоё гэвэл 75,  50,  60 байж болно. Ийм  хамаарал байгаа юм.

Р. Гончигдорж:- Ерөнхийлөгчийг сонгох дээр хэд хэдэн хувилбар байгаа шүү дээ.

П. Улаанхүү:-Хэрэв тоо тавина гэвэл эхлээд Ерөнхийлөгчөө ярьчихаад, тоо руугаа оръёо.

Р: Гончигдорж- Улаанхүүгийн горимын саналыг дэмжиж байгаа дээр санал хураалгая.

  • зөвшөөрсөн 9,
  • татгалзсан 28,
  • түдгэлзсэн 3. олонх дэмжихгүй байна.

Р. Гончигдорж:- Нэг танхимтай, нэг танхимын гишүүн 75 байна гэж төлөвлөсөн. Хажууд нь гарсан тоонуудаар санал хураая. 75-аас дээш тоо хэрэггүй гэдэг санал дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 17,
  • татгалзсан 18,
  • түдгэлзсэн 5,  олонхын дэмжлэг хүлээхгүй байна. Одоо энд  ганцхан  51 гэсэн тоо байгаа. Түүн дээр санал хураалт явуулъя.
  • зөвшөөрсөн 16,
  • татгалзсан 22,
  • түдгэлзсэн 1, олонхын дэмжлэгийг хүлээхгүй байна. Ингээд үндсэн төсөл 75 дээрээ үлдлээ гэжээ.

Парламентын нэг танхим (УИХ)-тай засаглалын хэлбэртэй байхыг тухайн үеийн  УБХ сонгон авах санаа эндээс эхэлсэн юм биш үү.   Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгох  шийдэлд олон удаагийн хэлэлцүүлгийн явцад тэд хүрсэн нь УИХ-ыг цөөн гишүүнтэй болгох нөхцөлийг бүрдүүлсэн бололтой.

Үргэлжлэл бий.

                                                                                                     Эх сурвалж:  Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж

Холбоотой мэдээ