БХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-09 14:07:33

Монгол Улс, БНХАУ-ын Батлан хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзалт өнөөдөр эхэллээ.

Зөвлөлдөх уулзалтыг БНХАУ-ын талаас БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн Нэгдсэн штабын орлогч дарга, тэнгисийн цэргийн хурандаа генерал Сүн Зянгуо, Монгол Улсын талаас БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан нар ахалж байна.

Монгол Улс, БНХАУ 1949 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа улс төр, худалдаа эдийн засаг, соёл боловсрол, батлан хамгаалах зэрэг олон салбарыг хамран хөгжиж байна. Ялангуяа, хоёр орны цэргийн харилцаа Монгол-Хятадын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Монгол Улс, БНХАУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа өргөжин хөгжиж, бүх төвшний харилцан айлчлал тогтмолжиж, зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, цэргийн боловсон хүчин сургах, хамтарсан сургууль хийх зэрэг олон хэлбэрээр амжилттай хөгжиж байгааг талууд онцолж байв.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд 2013 онд БНХАУ-д айлчлах үеэр хоёр улсын Засгийн газар хооронд "Цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр" байгуулсан нь хоёр талын хамтын ажиллагааны хүрээг тэлж, шинэ шатанд гаргасан чухал үйл явдал болсон. Манай улсад жил бүр явагддаг "Хааны эрэлд" олон улсын хамтарсан сургуульд 2015 оноос Хятадын ардыг чөлөөлөх арми (ХАЧА) цэргийн багаа илгээн оролцуулсанд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан талархлаа илэрхийлээд цаашдаа энэхүү оролцоогоо хадгална гэдэгт итгэж байна гэв.

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар 2013 онд байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, Батлан хамгаалахын сайдын харилцан айлчлалын үеэр хэлэлцсэн асуудлуудыг хэрэгжүүлэх арга замын талаар нарийвчлан хэлэлцэж байна. Мөн 2017 онд хоёр орны батлан хамгаалах салбарт хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцах юм.

Зөвлөлдөх уулзалтад Монголын талаас БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, хурандаа Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ЗХЖШ-ын Бодлого стратегийн төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар нар оролцов. Харин БНХАУ-ын талаас ХАЧА-ийн Баруун бүсийн байлдааны ажиллагааны тойргийн дэд командлагч, хошууч генерал Хан Шэньян, Өвөрмонголын цэргийн тойргийн командлагч, хошууч генерал Лень Зе Сунь, БХЯ-ны Олон улсын цэргийн хамтын ажиллагааны Ерөнхий газрын дэд дарга, хошууч генерал Цы Гуовэй болон тус улсаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Синь Хаймин оролцлоо.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ