Европын мал аж ахуйн үзэсгэлэнд Монгол Улс гол зочноор оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-06-23 11:15:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын мал аж ахуйн хамгийн том үзэсгэлэн худалдаа “SOMMET DE L’ELEVAGE” энэ оны 10 дугаар сард Франц улсад болох гэж байна. Олон улсын энэ нэр хүндтэй уг үзэсгэлэнд Монгол Улс анх удаа хүндэт зочноор оролцохоор болжээ. Үүнтэй холбогдуулан тус үзэсгэлэнгийн удирдах зөвлөлийн багийн гишүүд, зохион байгуулагчдын төлөөлөл манай улсад ирээд байна. Тус баг мал аж ахуйн салбарт хамтран ажиллах Монгол-Францын бизнес уулзалтыг зохион байгуулахаар болов. ХХААХҮЯ-нд болох тус уулзалтаар мал аж ахуйн салбарын харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах талаар хэлэлцэх юм


Манай улс сүүлийн жилүүдэд мал аж ахуйн салбарт бүтээгдэхүүн, түүхий эд, үйлдвэрлэлийн чанар болон таваарлаг байдлыг сайжруулахад анхаарч мах-сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг хөгжүүлж байна. Энэ үүднээс мал аж ахуйн салбарт сайжруулагчаар ашиглаж буй цэвэр үүлдрийн мах, сүү, сүү-мах, мах-ноосны чиглэлийн сайн үүлдрийн шилмэл малыг Франц улсаас авч байгаа юм. Энэхүү үйл ажиллагааг Засгийн газрын шугамаар болон мөн манай хувийн хэвшлийн зүгээс ч явуулж, импортоор шилмэл үүлдрийн мал оруулж ирж байгаа юмЭнэхүү хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Монгол Улс Европын мал аж ахуйн хамгийн том “SOMMET DE L’ELEVAGE” үзэсгэлэн хуладаанд оролцох саналыг олон жил тавьж ирсний дүнд энэ удаа дээрх үзэсгэлэнд "Хүндэт зочин орон"-оор оролцох эрхийг аваад байна.  


Олон улсын уг үзэсгэлэнд оролцохын өмнө болж буй Монгол-Францын бизнес уулзалтаар Францын цэвэр үүлдрийн малын импортыг нэмэгдүүлэх, энэ талын тээврийн зардал, малын үнийг бууруулах зэрэг тулгамдсан асуудлыг хэлэлцэх юм. Уулзалт нь хоёр талын төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид нэг ширээний ард сууж ярилцах гэж буйгаар онцлогтой. 




Тодруулга: Европын мал аж ахуйн хамгийн том үзэсгэлэн худалдаа “SOMMET DE L’ELEVAGE” нь жил бүрийн 10 дугаар сард Франц улсад болдог, жил бүр 30-аад орны 1500 оролцогч, 100 мянган зочин ирдэг, махны үхрийн үүлдрийн дэлхийн шилдэгүүд болон сүүний үхэр, хонь болон адууны үндэсний шилмэл үүлдрүүдийг танилцуулж, олон улсын мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, генетикийн ололт амжилтыг харуулдаг шилдэг үзэсгэлэн худалдаа аж. Энэ удаагийн үзэсгэлэн-худалдаа Францын төв хэсэгт орших Клэрмон-Ферран хотод энэ оны 10 дугаар сарын 4-7-нд зохиогдох юм.



Холбоотой мэдээ