ОРХОН: 8000 гаруй иргэн тоон гарын үсгээ авчээ

ОРОН НУТАГТ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-06-22 12:53:18
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Цахим гарын үсгийн тухай хууль энэ оны тавдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Улсын бүртгэлийн байгууллагаас 16 ба түүнээс дээш  насны иргэнд таван жилийн хугацаатайгаар тоон гарын үсгийг олгож байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 202.834, Орхон аймгийн 8000 гаруй иргэн тоон гарын үсгээ авчээ. 

Тоон гарын үсэг нь цаасан дээр зурдаг гарын үсэгтэй адил цахим орчинд зөвхөн таныг төлөөлж, баталгаажуулдаг регистрийн дугаар шиг давхардалгүй өгөгдөл юм.
Тодруулбал, иргэн тоон гарын үсэгтэй болсноор бүх төрлийн цахим үйлчилгээ, гэрээ хэлцэл байгуулах, банк санхүүгийн төлбөр тооцоо, даатгал, эрүүл мэндийн үйлчилгээ, өргөдөл, хүсэлт, зөвшөөрөл, албан тоот болон бусад бүх төрлийн цахим үйлчилгээнд ашиглах боломжтой. 

Тоон гарын үсгийг иргэний үнэмлэхийн санах ой болон ухаалаг гар утасны аппликэйшинд байршуулна. Тухайн иргэн тоон гарын үсэг авах хүсэлтээ засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүйгээр Улсын бүртгэлийн газарт биечлэн гаргах боломжтой юм. 

Холбоотой мэдээ