Оны эхний таван сард нас баралтын 139 тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-06-21 15:07:29

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний таван сарын байдлаар нас баралтын 139 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 16-аар нэмэгдсэн байна. 

Тэдгээрийн 57.6 хувь нь эрэгтэйчүүд байгаа бөгөөд нийт нас баралтын 45 буюу 32,4 хувийг хорт хавдрын, 13 буюу 9,4 хувь нь осол гэмтлийн шалтгаантай байна хэмээн Говь-Алтай аймгийн ЭМГ-аас мэдээллээ. 

2022 оны эхний таван сарын байдлаар нийт 111 603 үзлэг хийснээс:

-19.7 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг, 

-62.2 хувь нь өвчний учир амбулаторид, 

-5 хувь нь идэвхтэй хяналт, 

-10.9 хувь нь гэрийн идэвхтэй үзлэг, 

-2.2 хувь нь гэрийн дуудлагын үзлэг эзэлж байгаа ба мөн хугацаанд аймгийн хэмжээнд 6856 үйлчлүүлэгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Таван сарын хугацаанд түргэн тусламжийн 5310 дуудлага хүлээн авч үйлчилснээс 1001 буюу 18.9 хувь алсын дуудлага, 101 буюу 1.9 хувийг осол гэмтлийн дуудлага эзэлж байгаа аж.

Харин халдварт өвчин аймгийн хэмжээнд халдварт өвчний 5726 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 5356 тохиолдол буюу 10000 хүн амд 914.3-аар өсжээ. Энэ нь коронавирусний халдвар гарсантай холбоотой бөгөөд нийт халдварт өвчний 5682 буюу 99.2 хувийг коронавирусний халдвар эзэлж байна.

Аймгийн хэмжээнд 2022 оны эхний таван сарын байдлаар 10 төрлийн 5726 цочмог халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн байна. Халдварт өвчний улмаас нас баралт 4 тохиолдол бүртгэгдсэн ба 3 нь коронавирусний халдварын, 1 тохиолдол нь сүрьеэгийн шалтгаантай байна хэмээн Говь-Алтай аймгийн ЭМГ-аас танилцуулав.


Холбоотой мэдээ