"ХААН" банкны захирал асан Питер Морроу нас нөгчжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-08-08 15:00:40

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Монгол Улсын “ХААН” банканд бүтцийн шинэчлэлт хийх ажлыг удирдан явуулсан Америкийн банкны мэргэжилтэн бөгөөд санхүүгийн зөвлөх Жеймс Питер Морроу 68 насандаа нас нөгчлөө гэж түүний хамтран үүсгэн байгуулсан “NovaTerra” ХХК мэдэгдлээ.

“NovaTerra” компанийн цахим хуудсанд “Морроу наймдугаар сарын 4-нд Америкийн эмнэлэгт гэр бүлийнхнийхээ дэргэд амар тайван амьсгал хураалаа” гэжээ.

Морроу нь Монголын нийслэл Улаанбаатар хотод төвтэй, санхүүгийн зөвлөгөө ба төслийн менежментийн “NovaTerra” компанийг хамтран байгуулсан хүмүүсийн нэг юм.

Тэрбээр 2000-2010 онд “ХААН” банкны захирлаар ажиллаж байсан бөгөөд Дэлхийн банк болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн төслийн багийг удирдан хуучин “Хөдөө аж ахуйн банк” нэртэй байсан тус банканд бүтцийн шинэчлэлт хийж байжээ.

2003 онд хувьчлагдсан “ХААН” банк нь Монголын арилжааны хамгийн том банк бөгөөд монголчуудын 90 орчим хувь нь тус банкаар үйлчлүүлдэг юм.

Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн 2007 онд Морроуг тус улсын Ерөнхийлөгч “Алтан гадас” одонгоор шагнаж байсан билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ