“Омикрон”-ы “BA.5” дэд хувилбарын тархалт нэмэгдэж байна

ДЭЛХИЙД | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-06-15 16:10:48

БЕРЛИН. /DW/. Дэлхий даяар “омикрон” хувилбарын “BA.5” дэд хувилбараар халдварласан тохиолдлуудын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ одоогоор уг хувилбарыг “анхаарал хандуулах хувилбар”-ын ангилалд оруулаад байна.


Германы эрүүл мэндийн агентлагийн мэргэжилтнүүдийн хувьд өвчлөл энэ зун нэмэгдэх төлөвтэй байгааг анхааруулж байна.


Германы Роберт Кохын нэрэмжит хүрээлэнгийн мэдээлснээр, “омикрон”-ы “BA.4”, “BA.5” дэд хувилбарууд нь бусад хувилбаруудаасаа илүү хурдан тархаж байгаа бөгөөд ойрын хугацаанд улс даяар илрэх тохиолдлуудын дийлэнх нь энэ хоёр хувилбараар халдварлах төлөвтэй байна.


Тодруулбал, Германд “BA.5” одоогоор илэрч буй тохиолдлуудын 10 хувийг эзлэх болоод байгаа нь өнгөрсөн долоо хоногийнхоос хоёр дахин өссөн үзүүлэлт юм.


BA.5” Өмнөд Африкт дэгдэж эхэлсэн

BA.5” хувилбар нь тавдугаар сарын эхээр Өмнөд Африкийн мэргэжилтнүүдийг санааг зовоож байсан боловч давлагаа нь харьцангуй бага хүрээг хамарсан бөгөөд одоо намжиж байна.


Харин Португалд “BA.5” хувилбар хэдийнээ халдварын шинэ тохиолдлуудын 80 хувийг эзлэх болоод байна. Энэ хувилбар нь “BA.2” зэрэг өмнөх хувилбаруудаасаа халдварлах чадвар өндөр аж. Гэхдээ “дельта” зэрэг омгуудаас хөнгөн өвчлүүлдгээрээ дэд хувилбаруудтайгаа төстэй байна.


Нэмэлт тун “омикрон”-оор халдварлахаас хамгаалах уу?

COVID-19”-ийн вакцинд хамрагдсан болон халдвар авснаар тогтсон дархлаа нь эсрэг биетийн түвшин буурахын хэрээр цаг хугацааны явцад суларна. Энэ нь хэн ч “BA.5”-аас бүрэн хамгаалагдахгүй гэсэн үг. Гэхдээ нас барах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тохиолдол цөөн байна.


Тодруулбал, олон сая хүн вакцинд хамрагдаж, эсрэг биеттэй болсон тул цар тахлын эхэн үетэй харьцуулахад хүн амын дунд нийтийн дархлаа тогтоод байна. Гэсэн хэдий ч Роберт Кохын нэрэмжит хүрээлэн өндөр настнууд, эрсдэлтэй бүлгийн хүмүүст нэмэлт хамгаалалт үүсгэх үүднээс нэмэлт тунд хамрагдахыг зөвлөж байна. 

Холбоотой мэдээ