Азийн шороон шуурга Монгол, Хятадаас эхтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2016-08-08 13:34:55

Амьсгалын замын болон уушгины өвчин үүсгэдэг шороон шуурганы хор хөнөөл, түүнээс хамгаалах арга замыг тодорхойлох зорилго бүхий “Азийн шороон шуурганы үүсэл, тархац орчны өөрчлөлт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

Цаг уур, орчны судалгаа шинжилгээний хүрээлэн, Япон улсын Нагояагийн их сургуультай хамтран 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа энэхүү хуралд Япон, Хятад, Герман, Америк улсын төлөөлөгчдөөс гадна 50 гаруй судлаач оролцож туршлага солилцож байна.

Монгол орны хувьд хаврын улиралд говь хээрийн нутаг эх нууруудын хотгороор шороон шуурга босдог байна. Шороон шуурга Монгол болон Хятадын говийн бүс нутагт үүсч, агаарын урсгалаар зүүн тийш шилжин Солонгосын хойг болон Японы арал,  Номхон далай, Америкийн баруун эрэг хүрдгийг судлаачид тогтоожээ. Энэ нь зөвхөн Зүүн хойд Азийн төдийгүй дэлхийн нийтийн асуудал болоод байгааг Цаг уур, орчны судалгаа шинжилгээний хүрээлэнгийн эрхлэгч Д.Дүгжэр хурлын үеэр онцлов.

Мөн Японы төлөөлөгч Кенжи Кей, “Хот суурийн газрын бохирдсон хөрснөөс дэгдсэн шороон шуурга их хэмжээний нян тээдэг. Монгол, Хятадаас эхтэй шороон шуурга Японы газар нутагт хүрдэг тул бид шороо тоосны үүсэл, дэгдэлт, тоос шорооны уналт болон нянг судалж байна” гэлээ.

Энэ сарын 12 хүртэл үргэлжлэх энэхүү хурлаар шороон шуурганаас үүдэх эрсдлийг хэлэлцэж, санал, зөвлөмж боловсруулах аж.

М.Дайриймаа

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ