Марафонч Вандерлей Кордейру ди Лима Олимпын бамбарыг асаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-08-06 11:36:42

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Орон нутгийн цагаар баасан гарагийн орой Маракана цэнгэлдэх хүрээлэнд болсон “Рио-2016” зуны Олимпын 31 дэх удаагийн наадмын нээлтийн ёслолын үеэр холын зайн гүйгч асан Вандерлей Кордейру ди Лима Олимпын бамбарыг асаалаа.

Олимпын бамбар асаах хүндтэй үүргийг домогт хөлбөмбөгчин Пеле гүйцэтгэх байсан боловч тэрбээр өвчний улмаас баасан гарагийн өглөө нэрээ татжээ.

Өдгөө 46 настай Кордейру ди Лима нь 2004 оны Афины Олимпын марафон гүйлтийн хүрэл медальт тамирчин юм.

Олимпын бамбарыг асаах мөч нь Маракана цэнгэлдэх хүрээлэнд бараг дөрвөн цаг үргэлжилсэн нээлтийн ёслолын хамгийн сэтгэл догдлом хэсэг байв.

Риогийн Олимпын нээлтийн ёслолыг хийхэд “Лондон-2012”-ын нээлтийн ёслолын төсвийн талаас бага хувьтай тэнцэх хэмжээний мөнгө буюу 21 сая доллар зарцуулжээ.

Олон улсын Олимпын хорооны мэдэгдсэнээр, тогтвортой хөгжил ба байгаль орчинд анхаарлаа хандуулахыг уриалсан агуулга бүхий нээлтийн ёслолыг дэлхийн таван тэрбум орчим хүн үзэж сонирхжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ