Тээвэр логистикийг олон улсын худалдаатай холбосон хууль эрхзүйн орчинг нэхэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-30 16:34:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээвэр логистикийн салбарын “Логистик-2022” чуулган “Шангри-Ла” зочид буудалд боллоо. Чуулганд ЗТХ-ийн сайд Л.Халтар илтгэл тавьж, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Д.Өнөрболор нар оролцож үг хэллээ. ЗТХ-ийн сайд Л.Халтарын мэдээлснээр БНХАУ-ын Тяньжин боомтоос энэ 5 дугаар сард манай улс руу хоногт дунджаар 2.6 галт тэрэг чинэглэг ачигджээ. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Тяньжин боомтод импортын 4100 чингэлэг хүлээгдэж байгааг тэрбээр мэдээллээ. Өнгөрсөн онд манай улс БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэсэн импортын ачааны 88 хувийг дээрх боомт эзэлж байна гэв.




Чуулганы талаар ерөнхий зохион байгуулагч “Монложистикс Холдинг”-ын гүйцэтгэх захирал Г.Хишигбатаас тодруулав. Тэрбээр, “Өнөөдөр бид Монгол Улсын тээвэр логистикийн асуудлаа нэгдэн ярилцаж, нэгдсэн ойлголт авах,  гарц шийдлийг хэлэлцэж, тодорхойлоход тус нэмэр оруулах зорилготой чуулж байна” гэв. Олон улсад бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, эргэлт багасч, үүнтэй холбоотой тээвэр логистик зогсонги байдал орсон. Энэ гацаанаас хэрхэн яаж гарах гарцын талаар асуухад, хамгийн чухал нь хууль эрхзүйн орчинг зөв болгож өгөх, тээвэр логистикийг олон улсын худалдаатай уялдуулсан бодлогоор хангасан хууль эрхзүйн орчинг бий болгох хэрэгтэй байгаа талаар салбарын хүний хувьд байр сууриа илэрхийлж байв.  



Манай улсын тээвэр зуучлалын салбарт:

  • 200 компани бүртгэлтэй, 10 мянга орчим хүн ажиллаж байна.
  • Бараа, бүтээгдэхүүний үнийн бүтцийн 30 орчим хувийг тээвэр, логистикийн зардал эзэлж байна. Энэ нь бусад улс орны үзүүлэлтээс үлэмж өндөр аж.
  • Импортын чингэлэг тээврийн 94 хувь нь Замын-Үүдийн боомтоор орж ирдэг талаар УБТЗ ХНН-ийн тайлан мэдээ байна.
  • Манай улсын нийт өргөн хэрэглээний барааны 70 хувийг чингэлгээр тээвэрлэдэг. 





Олон улсын жишгээс харахад дэлхийн олон орон Худалдааны яамаараа дамжуулан олон улсын худалдаагаа тээвэр логистикийг уялдуулсан зохицуулалт хийж, энэ талын бодлого нь тодорхой байдаг. Манай улсад ийм субьект бүхий эрхзүйн орчин байхгүйгээс худалдаа, логистик хоёр нь салангид, хариуцсан төрийн мэргэжлийн, эрх зүйгээр хангагдсан байгууллагагүй явж байна гэв. Тээвэр, логистикийг дэд бүтэц гэдэг талаас хардаг байдлаасаа ангижрах цаг болсныг хэллээ. Өнөөдөр Монголд төр-тээвэр зууч-хэрэглэгчийн эргэх холбоог сайжруулах хэрэгтэй байгааг өгүүлж байна.




Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, логистикийн мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгаагаар ковидын үеийн өнгөрсөн 3 жилд манай улсад тээврийн гадаад, дотоод өртөг 100 хувь өсөж иржээ. Олон улсын тээвэрлэлтийн хугацаа өмнө нь 30 хоногт багтдаг байсан бол сүүлийн 2 жилд 60 хоногт ирдэг болсон байна. Тээвэр логистикийн салбар ДНБ-ийн 26 хувьтай тэнцэхүйц, хамгийн өндөр зардал, өртөг ихтэйд тооцогдож байна. Энд хил, гаальтай холбоотойгоор тээвэрлэлтийн гадаад хүчин зүйл голлон нөлөөлж буйг өнөөдрийн чуулганаар дурдлаа. Нэг чингэлэг Европоос БНХАУ руу мянган ам.доллароор ирдэг байсан бол одоо 10 мянган ам.долларт хүрчээ.


Тээвэр логистикийн салбарт өртөг зардал өсөхөд гадаад хүчин зүйл голлон нөлөөлж ирсэн бол дотооддоо олон улсын худалдаатай холбосон хууль эрхзүйн орчин үгүйлдэж байна.


Он гарсаар тээвэр логистикийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байна гэсэн асуултад, сүүлийн жилд импортын тээвэр өсөж ирсэн. Ялангуяа хүнс, гэр ахуйн бараан дээр. Энд худалдааны байгууллагуудын нөхцөл байдал, үйл ажиллагааны төлөв өөрчлөгдөж ирсэн нь нөлөөлж буйг дурдаж байлаа. Тодруулбал, худалдааны компаниуд өмнө нь бараа, бүтээгдэхүүний 2-3 сарын нөөцтэй байдаг байсан бол тээвэрлэлтийн хугацаа уртассанаас болж харьцангуй их барааг нөөцөлж, үүнтэй холбоотойгоор импортын тээвэр өссөн гэв. Энэ оны эхний улирал хүртэл эдийн засаг идэвхижиж, төр, засгаас гаргаж буй бодлоготой холбоотойгоор мөн импортын тээвэр нэмэгдсэнийг дурдав. 

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ