Төв Азийн бүс нутгийн дамжин өнгөрөх тээвэрт тулгарч буй бэрхшээлүүдийн талаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-05-29 11:28:28
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-наас НҮБ-ын Худалдаа Хөгжлийн Бага Хуралтай хамтран “Монгол Улсын Дамжин өнгөрөх тээврийн ирээдүй: Сорилт ба боломж” сэдэвт цахим семинарыг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулав.


Тус семинар нь НҮБ-ын Худалдаа Хөгжлийн Бага Хурлаас ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын Худалдааг хөнгөвчлөх Үндэсний хорооны чадавхыг бэхжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол Улсын Худалдааг Хөнгөвчлөх Үндэсний Хорооны гишүүд, гадаад худалдаанд оролцогч төрийн болон төрийн бус байгууллагын 50 гаруй төлөөлөгчид оролцов.


Семинарын хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд Монгол Улсын дамжин өнгөрөх тээврийн тулгамдсан асуудлууд, боломжит шийдлүүдийн талаар хэлэлцүүлэг хийв.


Мөн КОВИД-19 цар тахал болон олон улсын харилцаанд үүсээд буй өнөөгийн нөхцөл байдлын улмаас Монгол Улсын дамжин өнгөрөх тээвэрт үзүүлсэн нөлөө, ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилт, Монгол Улсын тогтвортой транзит, тээврийн эдийн засгийн коридорууд, улс хоорондын дамжуулан өнгөрүүлэх горимд тавих гаалийн хяналт, Төв Азийн бүс нутгийн дамжин өнгөрөх тээвэрт тулгарч буй бэрхшээлүүд болон дамжин өнгөрөх тээврийн эрсдэлийн удирдлагын талаар хэлэлцэв.

Холбоотой мэдээ