Лицензийн тоог цөөлж, олон шат, дамжлагыг багасгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-27 12:48:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүний 2019 онд өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 


Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулах үүднээс Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль 2001 оны хоёрдугаар сарын 1-нд баталсан. Уг хуулийн хүрээнд 19 чиглэлээр 103 ерөнхий төрөл, 210 гаруй дэд төрлөөр тусгай зөвшөөрөл олгохоор байгаа боловч салбарын бусад хууль тогтоомж, эрх зүйн дэд актаар тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл /олон удаа болон нэг удаагийн шинжтэй/-ийг шинээр бий болгох, ерөнхий төрлийг задалж олгох байдал түгээмэл болсон аж. Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байгаа гэсэн судалгаа 2016 онд гарчээ. Иймд Монгол Улсын нутаг дэвсгэрт эрхлэхийг хориглосон үйл ажиллагаа болон зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааны чиглэл, төрөл, эдгээр харилцаатай холбоотой суурь харилцаа тодорхой болгох үүднээс дээрх хуулийн төслийг боловсруулжээ.


Мөн зөвшөөрлийг олгох, сунгах цахимаар олгож болох зохицуулалт хуульчлагдаж, иргэд чирэгдэл хүнд сурталгүй төрийн үйлчилгээг хүргэх, зөвшөөрөл олгох харилцаа ил тод, хяналттай болох юм байна. Өөрөөр хэлбэл лицензийн тоог цөөлж, олон шат, дамжлагыг багасгах, бизнест ээлтэй эрх зүйн орчинг бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, хязгаарлагдмал нөөц бүхий нийтийн өмч, эрхийг эзэмших, ашиглахад төрөөс зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлахтай холбоотой харилцаа боловсронгуй болох юм байна. Мөн хуульд 2019 оны дөрөвдүгээр сарын 30-нд өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг нэгтгэсэн байна.


Монгол Улсад цөмийн хог хаягдал булшлахтай холбоотой заалт орсон байгааг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр шүүмжлэв. Тэрбээр, Хуулийн төслийн 8.18, 8.25 дугаар заалтад “цөмийн бодис импортлох, экспортлох, тээвэрлэх, булшлах” гэж заасан байна гэлээ.


Хууль зүй, дотоод хэргийн яамны  Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, “Хуулийн төсөлд энэ заалтыг шинээр оруулаагүй. 2009 онд баталсан Цөмийн энергийн тухай хуульд, “цацраг идэвхт бодисыг булшлах гэж зөвхөн өөрийн орны цацраг идэвхт хаягдлыг булшлах” гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, бусад хуулиар зохицуулчихсан байгаа харилцааг нэгтгэж оруулж ирж байгаа юм” хэмээн тайлбарлав.


Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар, “Онцгой зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл, энгийн зөвшөөрлийг нарийвчлан тодорхойлох хэрэгтэй” гэлээ. Мөн газрын эрх, ашигт малтмалын тусгай эрх, цөмийн аюулгүй байдал, Монголбанкны санхүүгийн эрхтэй холбоотой асуудлыг гүйцээн боловсруулах чиглэл өглөө.


Ийнхүү УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цаг хүртэл түр завсарлав. Үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболдоос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандаж тавьсан Сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэх талаар авч хэрэгжүүлж буй ажлын тухай асуулгын хариуг сонсоно. Үүний дараа дээрх хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багаас ирүүлсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын 145 санал тус бүрээр санал хураах юм.

Холбоотой мэдээ