Иргэд татварын ойлголтыг зөвхөн хөдөлмөрийн харилцаанд орсноор авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-05-26 14:57:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэн М татварын талаар ямар ч ойлголтгүй явж иржээ. Гэвч тэрээр ном гаргаж борлуулах гэтэл хувиараа татвар төлөгчид бүртгүүлэх шаардлага үүсч, ингэснээр тэрбээр татварын системтэй холбогдож татварын талаар ойлголттой болсон байна. Иргэдийн татварын талаарх ойлголт, харилцаа дутмаг байдаг дээрх жишээг өнөөдөр болсон “Тогтвортой хөгжилд татварын боловсролын үүрэг” үндэсний анхдугаар зөвлөгөөн дээр иш татаж байв. Тиймээс иргэдэд татварын талаарх мэдлэг, боловсрол чухал байгааг зөвлөгөөнөөр онцоллоо.




Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өнгөрсөн онд татварын талаарх ойлголт, мэдлэг, мэдээллийн хүртээмжийн талаар судалгаа хийжээ. Энд 2000 гаруй иргэнийг хамруулахад 73.4 хувь нь татварын талаарх ойлголтыг хөдөлмөрийн харилцаанд орсноор мэдэж авсан хэмээн хариулжээ. Тодруулбал, судалгаанд оролцсон иргэд цэцэрлэг, дунд сургууль тэр ч бүү хэл их, дээд сургуульд байхдаа ч татварын талаар системтэй мэдээлэл авч чадаагүй аж.


Манай улсад татварын боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийг 2021-2024 онд хэрэгжүүлж байна. Энэхүү боловсролыг одоо сегментийн ангилал бүрд чиглүүлэх шаардлага үүсч буйг Татварын албанаас тодотгож байна. Мөн өсвөр насныханд чиглүүлсэн татварын сургалтыг радио нэвтрүүлэг, хүүхэлдэйн кино, оюутан залуучуудын дунд зохиох уралдаан, хэлэлцүүлэг зэрэг олон төрлийн хэлбэрээр явуулж байна. Татвар төлөгч нарт хандсан сургалтад өнгөрсөн хугацаанд 99.358 хүн хамрагджээ. Давхардсан тоогоор 10.062 удаагийн татварын сурталчилгааг нийгэмд олон нийтэд хийсэн байна.




Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, “Өнөөдрийн чуулганы зорилго нь олон нийтэд татварын боловсролыг хэрхэн олгох вэ гэдэг сэдэв дор зохион байгуулж байна. Татварын боловсролыг олгох ёстой, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэгдэж, энэ хурлыг хийж байгаа. Бүрэн эрхт, тусгаар тогтносон улс татвараа өөрөө тогтоох эрхтэй. Төр өөрийнхөө үйл ажиллагааг явуулахын тулд өөрөө орлоготой байх ёстой. Энэ орлогыг бүрдүүлснээр тухайн улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, эдийн засагтай уялдаатай байдаг. Татварыг иргэд татвар төлөгчид төлдөг.  Монгол Улсад татварын боловсрол маш муу байна гэж судалгаагаар гарлаа.




Тиймээс мэргэжлийн байгууллагууд нийлж, хөтөлбөр гаргая, тус тус үүрэгтэй оролцъё гэж ярилцсан юм. Татварын боловсрол олгохдоо дунд сургуулиас доошхи насны хүүхдүүдийг нэг ангилж авч үзэх ёстой юм байна. Аав ээжийнх нь цалингаас хэдэн хувь нь татварт зориулагддаг гэх мэт ирээдүйн татвар төлөгчдөд зориулж, боловсрол олгоё. Мөн татвар төлж байгаа 2.1 сая иргэн, 238 мянган аж ахуй нэгжүүдэд зориулан ямар чиглэлээр татварын хууль болосвруулах вэ гэдгийг анхаарч ажиллаж байна” гэв.



Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ