Г.Энхбаяр: Говийн бүсэд ургах чадвартай мод тарихаар аймгийн удирдлагуудтай хамтран хэлэлцээр хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-05-25 11:07:40

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд хот хөдөөгүй мод тарих ажил өрнөж байна. Энэ хүрээнд Баянхонгор аймгийн төв Баянхонгор сумын хэмжээнд мод тарих ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар Баянхонгор сумын Засаг дарга Г.Энхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.


-Хаврын тариалалтаас эхлээд Баянхонгор аймагт энэ онд хэчнээн мод тарьж, ургуулах вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор сум аймгийн Засаг даргатай 25 мянган мод тарьж ургуулах гэрээ байгуулсан. Энэ хүрээндээ Шинэ суурьшлын бүсийн баруун талд 30 га газар хашиж, ойн зурвас хэлбэрээр мод тарих ажлыг эхлүүлээд байна. Тус талбайд нийтдээ 75 мянган мод тарих зорилттойгоос энэ жилийн хувьд 25 мянгыг нь тарих юм. Усалгаа, худгийн асуудлыг шийдсэн, услалтын системийг суурилуулаад явж байгаа. Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд ААН байгууллагуудад мод тарих газрыг хуваарилан өгч 8000 гаруй тарьцыг суулгаад байна.

-Иргэдийн идэвх санаачилга хэр байна вэ?

-Иргэд ААН-үүд хувиараа мод тарья гэх санаачилгыг их гаргаж байна. Бид үүнд баяртай байгаа. Нийтийг хамарсан ажлын хүрээнд аймгийн ХХҮГ-т бүртгэлтэй иргэдээр 300 иргэнийг хамруулж 6500 орчим модны нүх ухуулсан.

-Тухайн бүсэд ямар байдлаар ногоон бүс бий болгож байгаа вэ?

-75 мянган мод тарих 30 га талбайгаа бид 4 хэсэг болгон хашсан. Эхний хоёр хэсэгт ААН байгууллагуудаа уриалж мод тариулна. Гурав дахь хэсэгт мод тарих хүсэлтэй байгаа ААН-тэй хамтраад говийн бүсэд ургах чадвартай модыг тарихаар аймгийн удирдлагуудтай хамтран хэлэлцээр хийж байна. Үлдсэн нэг хэсэг талбайд нийтийг хамарсан ажлын хүрээнд иргэдээр нүх ухуулаад ЕБС болон их дээд сургууль төгсөгчид, хурим найр, буян номын ажил хийж байгаа иргэдэд нээлттэйгээр мод тарих боломжийг олгоно. Энэ уриалгынхаа хүрээнд 700х100 метр урттай 7 га газарт 16800 ширхэг мод тарихаар төлөвлөсөн.

-Аймгийн төвд нэмэлт ойжуулалт хийх үү?

-Аймгийн төвд цэцэрлэгт хүрээлэн, зурвас хэлбэрээр моджуулах талбай байхгүй. Зам дагасан ногоон байгууламжууд байгаа. Түүнийг мэргэжлийн байгууллагуудад хариуцуулсан. Арчилгаа тордолгооны хувьд иргэд, ААН-ийн тарьсан модыг Хот тохижилтын газар хариуцна. Аймгийн Засаг даргатай зөвшилцөн харуул манаа зэрэг холбогдох асуудлыг шийдвэрлэнэ.

-Өмнөх жилүүдэд “хүч хаяж” байсан Баянхонгор сумын хойгуурх ойн зурвасын ургалт хэр байгаа вэ? Тэнд мод нэмж тарих уу?

-Өнгөрсөн жил нийтийг хамарсан ажлын хүрээнд 35 хүнийг ажиллуулаад байнгын арчилгаа хийлгэсэн. Тухайн иргэдийг тогтмол ажиллуулсны дүнд модны амьдралт 90 гаруй хувьд хүрээд байгаа. Одоо тухайн зурвасыг Хот тохижилтын газар бүрэн хариуцан ажиллаж байгаа. Энэ жилийн хувьд тухайн бүсэд мод нэмж тарихгүй. Өнгөрсөн жил бүх талбайг нь ашиглаж тариалалт хийгээд зурвас байдлаар шахсан байгаа. Усан сангаа дүүргэж, усалгаа арчилгааг тогтмолжуулсан.

-“Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Хот тохижилтын газраас гадна хэчнээн хүнийг ажлын байраар хангаж байгаа вэ?

-Аймгийн ХХҮГ-тай хамтраад “Халамжаас Хөдөлмөрт” нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж, дээрх ажилд нэгдэх хүсэлтэй 300 иргэнийг бүртгэсэн. Тухайн иргэдээр эхний ээлжинд 6000 гаруй нүх ухуулсан, тарьсан моддын усалгааг мөн хийлгэж байна. Ажил идэвхтэй хайж байгаа ангилалд байсан дээрх 300 иргэнийг энэ зун ээлж дараалан түр ажлын байраар хангаж ажиллана. Ногоон ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 120 иргэн бүртгэлтэй байдаг. Тухайн иргэдээс яг ажиллах хүмүүсийг мөн бүртгэж байна.

-Хувиараа мод тарих иргэдийг хэрхэн дэмжих вэ?

-Аймаг байгуулсны ойн хүрээнд Баянхонгор сумын ЗДТГ-аас удирдамж боловсруулаад хашаандаа мод тарьж, ногоон орчин бүрдүүлж байгаа иргэдийн дунд уралдаан зарлаж байгаа. Ногоон хот бий болгоход хувь нэмэр оруулж байгаа тухайн иргэдээ урамшуулах, дэмжих, алдаршуулах зорилготой үйл ажиллагаа. Түүнээс гадна орон даяар өрнөж байгаа хөдөлгөөний улмаас модны олдоц ховор, жимсний тарьц суулгац үнэтэй байна. Энэ нөхцөлд иргэдэд үрсэлгээ үнэгүй тараах боломж хомс байгаа. Зарим иргэн “Мод тарих гэсэн юм, нүхийг нь ухаад өгчих, бор шороо суулгацаа өгөөч” гэж хүртэл хандаж байна. Бидний хувьд энэ байдлыг дэмжихгүй. Үнэхээр мод тарьж орчноо ногооруулах, буян үйлдэх, амьдрах нөхцөлөө сайжруулах гэж байгаа бол өөр өөрсдийнхөө боломжоороо тарьж ургуулах нь зүйтэй. Бэлэнчлэх сэтгэлгээнээс салах цаг болсон. Орчноо ногоон болговол миний амьсгалах агаар цэвэршинэ, үр хүүхэд минь эрүүл орчинд амьдарна гэдгээ бодоод хэн нэгний өмнөөс биш өөрийнхөө өмнөөс хийж буй зүйл шүү гэдгээ ухамсарламаар байна. Мод тарья гэсэн иргэдэд тарьц суулгац үнэгүй өгч байсан туршлага бий. Тэр болгон амжилттай болоогүй түүх байдаг. Үнэгүй юм үнэгүй л байдаг. Харин өөрөө хэдэн төгрөг зарцуулаад авчихсан юм шүү гэж бодохоор илүү өөриймсөг ханддаг юм уу гэж анзаарагдсан.

-Тарьц суулгац худалдаж авъя гэсэн иргэд хаана хандах вэ, мэргэжил аргазүйн зөвлөгөөгөөр хангах уу?

-Баянхонгор аймагт таван иргэн, ААН гэж мод үржүүлж худалдаж байгаа. Жимсний мод суулгац түлхүү тариалдаг. Улиас хайлаас бургасыг бол Сум дундын ойн анги хариуцаж байгаа. Тэнд зөвлөгөө мэдээлэл, гарын авлага бүгд бий. Мэргэжилтнүүдээс ч зөвлөмж авах боломжтой. 

Холбоотой мэдээ