Үндэсний номын баяр төв талбайд эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
bolor@montsame.mn
2022-05-20 11:28:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор, "Номын соёлт ертөнц" ТББ-аас 31 дэх удаагаа зохион байгуулж буй Үндэсний номын баяр Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэллээ.


Гурван өдөр үргэлжлэх Үндэсний номын баярыг “Илүү их уншъя” уриан дор тэмдэглэж буй юм.

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022”-ийг “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор улс орон даяар өргөн цар хүрээтэй тэмдэглэж, бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, хүүхэд залуусын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэх, ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр тэмдэглэж байна.

Энэхүү баярт ном бичигч, зохиолч, яруу найрагч, редактор, эх зохиогч, дизайнер, орчуулагч, шүүмж судлаач, уншигч, Монгол оронд улсаа төлөөлөн суугаа гадаад орны элчин сайд, жуулчин, түр оршин суугч болон хэвлэлийн газар, номын дэлгүүр, номын клуб зэрэг номтой холбогддог бүх хүн, байгууллага оролцдог.


Энэ удаагийн номын баярт 400 гаруй хувь хүн, байгууллага оролцон ном бүтээлээ танилцуулах юм. Мөн Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн захирал болон тус улсын зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцож бэстселлер ном зохиолуудаа танилцуулахаараа онцлогтой.


Түүнчлэн ном соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгож, тэр дундаа хүүхэд багачуудад зориулсан сонирхолтой хөтөлбөр зохион байгуулах юм. Тухайлбал, номын санд хандив өргөсөн, хөрөнгө оруулсан хувь хүн, албан байгууллагыг урамшуулахаас гадна шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн, урлагийн тоглолт, зохиолын баатрын дүр бүтээх парад жагсаал, номын флашмоб, тэргүүний уншигч хүүхдүүдийн шилдэг бүтээл, номын тэмдэглэл, уран бичлэгийн үзэсгэлэн гарна. 

Номын баяраар зохиолч, орчуулагч, судлаач, ном эрхлэн гаргагч газруудын бүтээлүүдийг хямдралтай авч, зохиолчоос нь гарын үсэгтэйгээр худалдан авах боломжтой. 

Номын баярын хүрээг өргөжүүлж, тус баярын уламжлалт хэв маяг, онцлогийг гадаад, дотоодод түгээн дэлгэрүүлэх зорилгоор МОНЦАМЭ агентлаг албан ёсны түнш байгууллагаар ажиллаж байна. 







Холбоотой мэдээ