“Сүлд” тасаг улсын аваргад оролцох эрхтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-05-19 22:42:34

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Хүүхэд багачуудад цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлж, бие бялдрын хатуужил олгон, монгол цэргийн залгамж халааг бэлтгэх үндсэн зорилго бүхий аймгийн Засаг даргын нэрэмжит "Цэрэг спортын дөл-2022" тэмцээний төгсгөлийн шалгаруулалт өнөөдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо боллоо.

Сум, бүс, аймаг гэсэн гурван үе шатлалтай явуулсан эл тэмцээнд 34 сургуулийн 1700 гаруй хүүхэд залуус эхний шатанд авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс 400 гаруй сурагч бүсийн аваргын шалгаруулалтад оролцсон байна. Харин өнөөдрийн шалгаруулалтад шигшээ 12 багийн 140 гаруй сурагч хурд хүч, авьяас чадвар, авхаалж самбаа, эр зориг, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдлөө.

Ингээд тэмцээний тэргүүн байрт Мандал сумын ЕБ-ын 2-р сургуулийн “Сүлд” тасаг шалгарч, аваргын алтан медаль, хоёр сая төгрөгийн эзэд болж, улсын аваргад оролцох эрхтэй боллоо. Харин удаах байрт мөн Мандал сумын ЕБ-ын 1-р сургуулийн “Шонхор” тасаг шалгарч, мөнгөн медаль, 1.5 сая төгрөгийн шагнал хүртлээ. Гутгаар байрт Мандал сумын Түнхэл тосгоны ЕБ-ын 5-р сургуулийн “Альфа” тасаг шалгарч, хүрэл медаль, нэг сая төгрөгийн эзэд боллоо.

Хоёр жил тутамд болдог тус тэмцээн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хэсэг завсарласан. Өсвөр үе, хүүхэд залуучуудад цэрэг, эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, цэргийн анхан шатны мэдлэг мэдээлэлтэй болгох, бие бялдрыг хөгжүүлэх үндсэн зорилго дор энэхүү тэмцээнийг зохион байгуулдгаараа онцлогтой.  

 

 

Холбоотой мэдээ