АНУ-ын нүдний эмч нар 4900 гаруй иргэнд үзлэг хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-05-17 13:38:25
Ховд /МОНЦАМЭ/. АНУ-ын Virtue Foundation Олон улсын байгууллагын нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн мэс заслын эмч нарын баг  Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 14 хоногийн хугацаатай ажиллаж байна.    

Эдгээр эмч нарын баг нэр хүнд бүхий их сургуулийн доктор, зөвлөх эмч, Нью Йорк хот дахь Колумбийн их сургуулийн Анагаахын шинжлэх ухааны доктор Чарлес Акерсон Коле, хүүхдийн нүд судлал, солир харааны төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч Тамиеша Фремпон, НҮБ-д тусгай зөвлөх эрхтэй, хүүхдийн нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч Адрени Кеггин, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Эдди Пат,  Нью Йоркийн их сургуулийн анагаах ухааны магистр, нүдний их эмч  Ирина Воловский болон төслийн менежер Эван Афшин тэргүүтэй чадварлаг эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн байна.      

Эмч нарыг өнөөдөр БОЭТ-ийн захирал П.Гэрэлсүрэн хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааныхаа хүрээнд баруун бүсийн ард иргэдэд шуурхай хүрч үйлчилж байгаад ховдчуудынхаа нэрийн өмнөөс халуун талархал илэрхийллээ.  

Дэлхийн улс орнуудын эмч нарын сайн дурын байгууллага болох энэхүү байгууллагын эмч нар манай аймагт нүдний нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, мэс заслыг хийж байгаа бөгөөд  улсын төв нэгдүгээр эмнэлэг болон орон нутгийн эмч, сувилагч нартай хамтран ажиллаж, харилцан туршлага солилцож байгаагаараа онцлогтой.

Virtue Foundation байгууллагын нүдний эмч нар Ховд аймагт ажиллах хугацаандаа (6 жил) нийт 4900 гаруй хүнд нүдний үзлэг оношилгоо хийснээс 600 гаруй өвчтөнийг хагалгаанд оруулжээ. Мөн энэ хугацаанд баруун бүсийн аймгуудын нүдний нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарт ажлын байрны сургалтыг удаа дараа зохион байгуулж, дагалдуулан сургасаар ирэв. Үүнээс гадна 680 сая төгрөгийн өртөг бүхий нүдний мэс заслын гурван ширхэг дуран, нүдний лазерын YAG аппарат (280 сая төгрөгийн өртөг бүхий, Монгол Улсын хэмжээнд гурван ширхэг байгаагийн нэг нь) зэргийг Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Нүдний тасагт байрлуулан эмчилгээнд ашиглаж байгаа гэж тус байгууллагын Гадаад харилцааны албанаас мэдээллээ.

АНУ-ын эмч нарын баг Ховдод 10 дахь жилдээ ирж ажиллаж буй.        

Холбоотой мэдээ