Флоренс Найтингейлийн нэрэмжит инфографикийн уралдааны ялагчдыг тодруулав

Монголын мэдээ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-16 16:20:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний Статистикийн Хороо, Британийн Элчин Сайдын яамтай хамтран Флоренс Найтингейлийн нэрэмжит инфографикийн уралдааныг 4 дүгээр сарын 1-ээс нэг сарын хугацаанд зохион байгуулж, ялагчдыг тодрууллаа.


Уралдаанд 70 орчим оролцогч бүтээлээ илгээж, ур чадвараа сорьсноос М.Энхзоригийн “Хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтүүд” нэгдүгээр байранд, Б.Тунгалагсайханы “Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн хөлстэй, хөлсгүй хөдөлмөр эрхлэлтийн ялгаа” хоёрдугаар байранд, С.Ганцогтын “Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэд, Монгол Улсаас гадаадад хөдөлмөрийн гэрээгээр зуучлагдсан иргэд”, П.Мөнх-Эрдэнийн “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүд” бүтээл гуравдугаар байранд шалгарчээ.


Зохион байгуулагчийн нэрэмжит шагналыг Х.Хишигсайханы “Хорт хавдар, ковидын өвчлөл, эрүүл мэндийн даатгалын систем”, Ж.Ариунтуяагийн “Цэцэрлэгийн хүртээмж” бүтээлээр авсан байна.


Элчин сайд Филип Малон “Уралдаан ирүүлсэн бүтээл үнэхээр онцгой байсан. Флоренс Найтингейл нь Кремийн дайны үед шархадсан цэргүүдэд тусалж, сувилагчаар ажиллаж байхдаа цэргүүд юунаас болж нас барж байгаа тухай статистик мэдээллийг инфографикаар бэлтгэн гаргаж байсан. Энэ нь тухайн үеийн эрх баригчдын бодлого, шийдвэрт нөлөөлж, олон хүнийг амь эрсдэх аюулаас аварсан түүхтэй. Түүнийг “Орчин цагийн инфографикийг үндэслэгч” хэмээн нэрлээд, төрсөн өдрийг нь “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэдэг. Флоренс Найтингейлийн статистикийн салбарт төдийгүй тухайн нийгэмд гаргасан хувь нэмэр, гавьяаг нийтэд түгээх нь бидний хийх ажлын нэг” гэсэн юм.


Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа “Бүтээлч сэтгэлгээ, ур чадвараа сорьсон оролцогчдын бүтээл Монгол Улсын нийгмийн асуудлыг хөндсөн, асуудал дэвшүүлсэн, маш чамбай болсон. Үндэсний Статистикийн Хорооноос Флоренс Найтингейлийн нэрэмжит инфографикийн уралдааныг цаашид жил бүр зохион байгуулна” хэмээн онцоллоо.  


Шагнал гардуулах ёслолд ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малон, Элчин сайдын яамны Эдийн засаг, хөгжлийн ажилтан А.Солонго, ҮСХ-ны дарга Б.Батдаваа, дэд дарга Д.Лхамсүрэн, Бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б.Саранчимэг, Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийн дарга Л.Цэвээнжав оролцжээ.

 

Холбоотой мэдээ