Ам.долларын эрэлтээс үүдэн төгрөгийн ханш бага зэрэг суларна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-08-03 17:17:24

 Голомт банкны дилерүүдийн бэлтгэсэн 7 хоног тутмын валютын ханшийн тойм мэдээ гарсан байна.

Монголбанк дуудлага худалдаагаар өнгөрсөн долоо хоногт нийт 42.2 сая ам.доллар нийлүүлсэн. Энэ долоо хоногт ам.долларын эрэлт нь нийлүүлэлтээс өндөр байх төлөвтэй байгаа тул төгрөгийн ханш бага зэрэг сулрах төлөвтэй хэмээн уг тоймд дурджээ.

Монголбанкны дуудлага худалдаа нь төгрөгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэдэг. Тэгвэл сүүлийн нэг сарын хугацаанд ханш огцом өсч 1,938.76-2,048.74-т хүрсэн нь Монголбанкыг валютын захад нийлүүлэлтээ нэмэгдүүлэхэд хүргэжээ. Төвбанк нэг удаагийн дуудлага худалдаагаар 30 сая ам.доллараас дээш дүнтэй нийлүүлэлт хийхэд дараагийн 2- 3 хоногт ханш тогтворжих эсвэл уналттай байдаг. Тэгвэл өнгөрөгч пүрэв гарагт 49 сая ам.долларын нийлүүлэлт хийсэн нь зах зээлийн өсөлтийн хурдыг сааруулжээ. 

Монголбанк долдугаар сард дуудлага худалдаагаар 162.9 сая ам.доллар нийлүүлсэн нь өмнөх сард 44 сая ам.доллар нийлүүлсэнтэй харьцуулбал 3.7 дахин өссөн үзүүлэлт төдийгүй сүүлийн зургаан сарын хугацааны хамгийн өндөр түвшин аж. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ жилийн дүнгээр 509.9 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 719 хувиар өссөн үзүүлэлт болсныг  Голомт банкны дилерүүд тодотгосон байна. Ийнхүү хөрөнгө оруулалт өсч байгаа нь Оюутолгой төслийг өнгөрсөн оны тавдугаар сард баталсантай холбон тайлбарлажээ. 

Тус тоймд гадаад худалдааны тэнцэл 693.8 сая ам.долларын ашигтай гарсныг тусгажээ.  Гадаад худалдааны ашиг өсөх нь дунд ба урт хугацаанд төгрөгийн ханшийг чангаруулах нөлөөтэй. Түүнчлэн Оюутолгойн гүний уурхайн төсөл хэрэгжсэнээр эхний жилд 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх ба энэ нь төгрөгийн ханш чангарахад нөлөө үзүүлэх боломжтой гэж үзжээ. 

 Б.Заяа

Холбоотой мэдээ