Н.Эрхэмбаяр дифлимпийн наадмаас алтан медаль хүртлээ

ОРОН НУТАГТ | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2022-05-16 10:42:52

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV олимпийн наадам Бразилын Кашиас-ду-Сул хотод болж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог дифлимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд Өвөрхангай аймгийн БТСГ-ын дасгалжуулагч, спортын мастер Э.Баттүшигийн удирдлага дор манай улсаас гурван тамирчин оролцож байгаа юм.

Наадмаас Арвайхээр сумын II дугаар сургуулийн тусгай бүлгийн сурагч, "Самсун-2017" дифлимпийн мөнгөн медальт, дифийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга, Н.Эрхэмбаяр 65 кг-ын жинд алтан медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандууллаа.

Тэрбээр шөвгийн наймд Казахстаны Пернешийг 9:6-аар, хагас шигшээд Ираны Ростамабадиг 9:1-ээр, финалд Кыргыстаны Исаковыг 14:4-өөр ялж, чөлөөт бөхийн төрөлд дифлимпийн анхны аварга болов. Монголын тамирчдаас "Тайпей-2009" дифлимпод гавьяат тамирчин Д.Очбадрал жүдо бөхийн төрөлд анхны алтан медалийг авчирч байсан бол 13 жилийн дараа Н.Эрхэмбаяр хоёр дахь алтан медалийг авчирч байна.

Түүнээс гадна өмнөх димфлимпийн мөнгөн медальт Д.Чинзориг 70 кг-ын жинд 7, хүрэл медальт Ш.Батбаатар 74 кг-д 5 дугаар байрт тус тус шалгарчээ.

Холбоотой мэдээ