Бат оршил өргөх ёслолыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-08-03 15:04:30

Брагри ёнзон Халх Дамцагдорж гэгээнтний дөрөвдүгээр дүр Данзанжамъянлодой ринбүүчид бат оршил өргөх ёслол  наймдугаар сарын 11- 12- ны өдөр Мандалговь хотод болно.

Бат оршил өргөх ёслолыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан байна. Гэгээнтэнд бат оршил өргөх ёслол нь шашны томоохон үйл ажиллагаа бөгөөд Дундговь аймагт анх удаа тохиож байгаа тул энэ үйл ажиллагааг зохион байгуулахад Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний бүх агентлаг хамтран ажиллана гэж ажлын хэсгийн дарга, Засаг даргын орлогч Ж. Мөнхчулуун хэллээ.

Бат оршил өргөх үеэр Данзанжамъянлодой гэгээнтэн итгэл, Мэгзэм, Ногоондарь эх, Дамдин янсан бурханы зүрхэн тарнийн лүнг сүсэгтэн олонд хайрлаж, адистат үрэл, утлага түгээнэ. Мөн даншүг өргөхөд хүрэлцэн ирэх 150 гаруй лам сүсэгтэн олон, нутаг орны сайн сайхны тусын тулд Жинлавцогзол айлтгаж, Гандантэгчэнлин хийдийн Да лам Х. Бямбажав “Гурван эрдэнэд аврал одуулах ёс” сэдвээр лекц айлдана. Даншүгт зориулан их насны морьдын уралдаан, 64 бөхийн барилдаантай баяр наадам хийхээр мөн товложээ. Бат оршил өргөх ёслолд Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д. Чойжамц болон арав гаруй хутагт хувилгаад морилон саатах ажээ.

Барин ламын 4-р дүрийг 2011 онд Дээрхийн гэгээн Далай лам, 9-р Богд нар Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас тодруулсан бөгөөд өдгөө 4-р дүрийн хувилгаан Энэтхэгийн Сэра дацанд буддын гүн ухаанд суралцдаг. Дамцагдорж Данзанжамъянлодой гэгээнтэн Монгол орон, төрөлх нутагтаа энэ зун морилон ирж амарч байгаа бөгөөд энэ үеэр нь ийнхүү бат оршил өргөх ёслолыг Монголын бурханы шашны сүм хийдүүд, Дундговь аймгийн нутгийн зөвлөл хамтран зохион байгуулах гэж байгаа нь энэ юм.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ