Халиар уулын судар, номыг бүрэн эхээр хурлаа

ОРОН НУТАГТ | Дархан-Уул
174@montsame.mn
2022-05-12 14:03:01

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг дахь Хараагийн Дарь эх Ламын Гэцогдаржаалин хийдийг 1892 онд Сэлэнгэ аймгийн Номгон сумын нутагт орших Халиар уул /оноосон нэр/ буюу Өндөр Найдаг хайрханы /газар, орны эзэн-хүндэтгэлийн нэр/ өвөрт анх байгуулж байсан түүхтэй.

Уг хийдийн лам нь жил бүрийн зуны эхэн сарын шинийн аравны билэгт сайн өдөр хийдийн туурь дээр очиж Халиар уулын судар, номыг бүрэн эхээр нь хурж тахилга үйлддэг байна. Тахилгын судар нь Хараагийн Дарь эх ламын гуравдугаар дүрийн Чойжинжанцангын зарлигаар Цагаан Уулын лам гэх хүний зохиосон тахилгын судар байдаг аж.

Уг судрыг бүрэн эхээр нь хурж тахилгын зан үйлийг хийдэг аж. 2006 оноос хойш тахиж ирсэн уг зан үйл нь сүүлийн хоёр жил цар тахлын улмаас тасарсан бөгөөд энэ жилээс эхлэн дахин сэргээж байна. Хараагийн Дарь эх Ламын Гэцогдаржаалин хийдийн лам нар тахилгын зан үйл хийхдээ хайрханы орой дахь овоонд гарч судар, ном хурдаг. Учир нь бурхны шашинд аливаа уул, усны эзэн, лус савдаг нь уулын оройд байдаг гэж үздэг. Тиймээс уулын эзний  дэргэд тахилгын зан үйлийг үйлдсэнээр тухайн ууланд гарсан хүн ардын хийморь сэргэж, ажил үйлс нь бүтэмжтэй байдаг ажээ.

Уг тахилга нь Дарханчуудын сайн сайхны төлөө, эрүүл энх, өвчин зовлонгүй, хур бороо цагтаа бууж, ногоо тэгширсэн дэлгэр зун болох, арвин их ургац авахыг бэлгэдэн хурдаг тахилгын зан үйл аж.

Энэ өдөр “Уран байгаль” аяллын клубийн гишүүд их хайрханд очиж гороо эргэх зан үйлийг хийлээ. Ингэхдээ Бурхан багшийн айлдсан Гаанжуур 108 боть судрыг элгэндээ тэвэрч Халиар уул буюу Өндөр Найдаг хайрхныг нар зөв тойрон гороолов. Цар тахлаас өмнөх жилүүдэд 108 хүн гороо хийж эргэл, мөргөлийг хийж адис жанлав хүртдэг байсан бол энэ удаад тооны бэлгэдлээр 21 хүн уг зан үйлийг хийсэн байна. Их хэлмэгдүүлэлтийн жилүүдэд 600 гаруй лам бурхан багшийн айлдсан Гаанжуур судрыг хурж байсан энергийн төв болсон энэ газарт сүсэгтэн олон эргэл мөргөл хийснээр тухайн газар нь хүмүүсийг адисладаг ажээ.

Судар, ном хурж байхад болон түүний дараа даллага авах үед хур бороо орвол бурхан номын адис жанлав бууж байна гэж үздэг аж. Тахилгын үеэр цас орсон бөгөөд найман тахилтай адилтгадаг гэдгийг ловон лам онцолж байлаа. Түүнчлэн гороо хийж байсан хүмүүстэй гүрвэл, лусын амьтан гэгддэг могой таарч хайрхны ар бэлд явж байхад хэсэг зуур цас орсонд ихэд бэлгэшээж байлаа.

Холбоотой мэдээ