Анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл нийт зээлийн 0.7 хувийг эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-05-11 19:42:18

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт арилжааны банкуудад 74.9 мянган иргэний 150.4 тэрбум төгрөгийн хадгаламж байна гэж Монгол банкнаас мэдээлэв.

Нийт харилцахын үлдэгдэл 34 тэрбум 175.4 сая төгрөг, үүнээс иргэдийн харилцахын үлдэгдэл 22 тэрбум 729.8 сая төгрөг. Харин иргэдийн мөнгөн хадгаламжид 74.9 мянган иргэний 150.4 тэрбум төгрөг байна. Аймгийн дүнгээр нэгдүгээр улиралд нийт олгосон зээлээс 213.8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Үүнээс анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл 0.7 хувь, чанаргүй зээлийн үлдэгдэл 0.7 хувийг тус тус эзэлж байна. Завхан аймагт ХААН, Хас, Төрийн банкууд үйл ажиллагаа явуулж иргэдэд үйлчилж байна. Иргэдийн мөнгөн хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 40 гаруй хувиар өссөн байна гэв.

42 тэрбум төгрөгийн гурван хувийн хүүтэй зээлийг олгожээ

Завхан аймаг ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлд нийт 42 тэрбум төгрөгийг олгосон байна.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлын байрыг дэмжих зээлтэй холбоотой гэрээг Монгол банк, арилжааны банкуудтай байгуулахаар шийдвэрлэсний дагуу аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал өнгөрсөн онд банкны удирдлагуудтай уулзалт хийсэн. Уулзалтын үеэр нэн тэргүүнд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээлийг олгох талаар ярилцсан. Ингээд дээрх гэрээний дагуу болон “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд жилийн гурван хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгоод буй.

Аймгийн хэмжээнд гурван хувийн хүүтэй зээлд хамрагдахаар бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс хүсэлт ирж, нийт 42 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Тухайлбал, Хас банкаар дамжуулж 165 зээлдэгчид 7 тэрбум 211 сая төгрөг, Төрийн банкаар дамжуулан 418 зээлдэгчид 15 тэрбум 716  сая төгрөг, ХААН банкаар дамжуулан 353 зээлдэгчид 18 тэрбум 330 сая төгрөгийг тус тус олгосон байна. Одоогоор гурван хувийн хүүтэй зээл олгогдохгүй байгаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ