“Хүмүүн бичиг” сонины хагас жарны түүхэн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
khandmaa@montsame.gov.mn
2022-05-10 10:37:34

 Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний монгол бичгээр дагнан гаргадаг, долоо хоног тутмын цорын ганц тогтмол хэвлэл “Хүмүүн бичиг” сонины хагас жарны түүхэн ой өнөөдөр тохиож байна.


Монгол Улсад эдүгээгээс яг 30 жилийн өмнөх буюу 1992 оны 5-р сарын 10-ны өдөр “ХҮМҮҮН БИЧИГ” сонины анхны дугаарыг мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн тэргүүн дэд дарга, сэтгүүлч Т.Галдан санаачилж, тус агентлагийн дарга Ч.Эрдэнэ дэмжсэнээр МОНЦАМЭ агентлагийн хэвлэх үйлдвэрт 5000 хувь хэвлэн гаргаж байсан түүхтэй. Энэ нь тухайн үедээ Монгол Улсад 1990-ээд онд өрнөсөн ардчилал шинэчлэлийн нөлөөн дор 1940-өөд оны сүүлчээр тасалдсан монгол бичгээрх сонин хэвлэлийн шинэ үеийн үргэлжлэл болон мэндэлснээрээ онцлог байв.

Монгол бичгээр бичдэг хүн тун цөөн байсан үед сонины анхны дугаарын эхийг “Үнэн” сонины дэргэдэх “Уриа” компанид М.Энхтулга цахим тооцоолуурт шивж бэлтгэн, МУИС-ийн багш Ш.Чоймаа хянан тохиолдуулж байжээ. Харин сонины нэрийг эрдэмтэн зохиолч, МУИС-ийн багш С.Дуламын 1988 онд бичсэн "Хүмүүн бичиг" шүлгээс өөрийнх нь зөвшөөрснөөр сонгон нэрлэсэн байна. 

 

Сонины анхны эрхлэгч, МУСГЗ, доктор Т.Галдан энэ тухай дурсахдаа “1991 оны 5-р сард Монгол Улсын анхны парламент-Улсын Бага Хурал ”Албан хэргийг монгол бичгээр хөтлөх бэлтгэл ажлыг хангах тухай“ 36-р тогтоол гаргаж, хот хөдөөгүй монгол бичиг сурах бүлгэм, дугуйлан ажиллаж байсан үед л ”Хүмүүн бичиг” сонин анхны дугаараа уншигч олноо толилуулсан билээ. Чухам тэр үед МОНЦАМЭ агентлагийн шуурхай зөвлөгөөний дараа миний бие монгол бичгээр сонин гаргах санал гаргаж, агентлагийн ерөнхий захирал Ч.Эрдэнэ зөвшөөрч, энэ ажлыг даруйхан хөөцөлдөж эхний дугаарыг гаргах нь зүйтэй гэж зөвлөсөн юм. Тухайн үед агентлагийн хэмжээнд монгол бичиг мэддэг хүн гэж надад сонины анхны дугаарыг гаргах ажлыг хариуцуулсан билээ...” хэмээсэн байдаг.


Ингээд 1992 оны 5-р сарын 14-нд МОНЦАМЭ агентлагийн захирал Ч.Эрдэнэ 66 тоот тушаал гаргаж сонины эрхлэгчээр Т.Галданг томилж, сонины зөвлөлийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. 


1992 оны 4-р улирлаас "Хүмүүн бичиг" сонин хэвлэлийн нийтийн захиалгад орсон бөгөөд 1994 оны 2-р улиралд хамгийн олон буюу 20 мянган захиалагчтай болж, улсын хэмжээнд захиалгынхаа тоогоор эхний тавд эрэмбэлэгдэж байв.


Өнгөрсөн 30 жилд “Хүмүүн бичиг” сонин нэг ч удаа ээлжит дугаараа таслаагүй бөгөөд нийт 1291 бие даасан дугаарыг уншигч олноо өргөн барьж, эдүгээ манай улсад гарч байгаа 800 шахам сонин хэвлэлийн дотроос захиалагчдынхаа тоогоор эхний 20, 7 хоног тутмын сонинуудын дотроо эхний 10багтаж байна.


Тус сониноос  үндэсний монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх, түүгээр сайхан бичиж сурсан хүмүүсийг алдаршуулах зорилгоор “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг 1997 онд анх санаачлан зохион байгуулсан нь энэ төрлийн уралдааны анхдагч болсон юм. Монгол бичгээ төгөлдөр эзэмшсэн хүн бүр оролцох боломжтой эл уралдаан өдгөө хамгийн нэр хүндтэй, хамгийн олон оролцогчтой уралдаан болж өргөжин тэлсээр байна.


Үндэсний монгол бичгээ сурч өвлөхийн ач холбогдлыг үнэлж, дэмжиж байгаагийн бодит илрэл болж уралдааны аваргуудын шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд гардуулдаг уламжлалтай бөгөөд энэхүү уламжлалыг анх Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд Р.Амаржаргал 2000 онд зочлон тогтоосон юм. Түүнчлэн Монголдоо "цорын ганц" гэх тодотголтой уг сонины 20 жилийн тэгш ойн жил Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морилон ирснээр Монголын сайхан бичигтнүүд төрийн тэргүүнээсээ шагналаа гардаж авсан тэмдэглэлт үйл явдал тохиож байлаа.


“Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны түүхэнд, үндэснийхээ бичгийг төгөлдөр эзэмшсэн 200 шахам аварга өөр өөрийн ангилалд тодорсны дотор ЕБС-ийн төгсөх ангийн 76 сурагч МУИС, МУБИС-д урилгаар элсэж, Засгийн газрын буцалтгүй тэтгэлгээр суралцах эрхийг гардсан юм.


Засгийн газраас батлан мөрдөж буй “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг хэрэгжүүлэх хүрээнд, төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх хуулийн дагуу, 2025 оноос “Хүмүүн бичиг” сонин нь өдөр тутмын сонин болох зорилго чиглэлтэй ажиллаж байна.

Ташрамд дурдахад, тус сониноос Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цолтон 2 төрсний анхдагч нь сонины анхны эрхлэгч, доктор Т.Галдан /2001/ бол, хоёрдогч эрхэм нь өнөөдөр тус сонины эрхлэгчээр ажиллаж буй, судлаач-багш, сэтгүүлч Б.Элбэгзаяа /2021/ юм.

Тасралтгүй 30 жил гарч буй тус сонинд гарын 10 хуруунд багтах хүмүүс ажиллаж байсныг сонины энэхүү түүхэн тэгш ойн өдөр дурдахгүй өнгөрч боломгүй юм. 

Сонины анхны эрхлэгчээр Т.Галдан /1992-2008/, хариуцлагатай нарийн бичгийн даргаар Ч.Цэрэндорж /1992-1995/, утга зохиолын ажилтнаар Ю.Минжүүр /1992-1994/, макетчнаар Р.Очир /1992-1993/, О.Баттулга /1993-1997/, утга зохиолын ажилтан сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн даргаар С.Цэцэгмаа /1993 -1998/, утга зохиолын ажилтнаар Ж.Баатар /1996-1997/, сурвалжлагч-менежер, эрхлэгчээр С.Алтанцэцэг /1999-2015/, сурвалжлагчаар С.Одсүрэн /1999-2001/, Т.Түмэндэмбэрэл /2015-2017/, Б.Баяртуяа 2016 онд тус тус ажиллаж байв. Өдгөө тус сонины эрхлэгчээр Б.Элбэгзаяа /1997 оноос өнөөдрийг хүртэл/, сурвалжлагчаар Б.Хандмаа, Б.Нямаа, Х.Дариймаа нар ажиллаж байна.


Гэрэл зургийг Б.Чадраабал



Холбоотой мэдээ