Уур амьсгалын өөрчлөлт халдварт өвчний эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-04-29 16:56:10

ВАШИНГТОН. /AP/. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 2070 он гэхэд амьтдын төрөл зүйлийн дунд олон мянган шинэ вирус үүсэж, улмаар амьтнаас хүнд дамжих халдварт өвчний эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй болохыг нэгэн шинэ судалгаа харуулжээ.


Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд томуу, ХДХВ, эбола, коронавирус зэрэг хүнээс амьтанд, амьтнаас хүнд халдварладаг аминд халтай халдварт өвчнүүдийн голомт болоод байгаа Африк, Ази тивийн хувьд энэ нь илүү үнэн бодитой байх магадлалтай байна.


Энэхүү судалгааг “Nature” шинжлэх ухааны сэтгүүлд пүрэв гарагт нийтлүүлсэн судлаачид эх дэлхий цельсийн хоёр хэмээр дулаарвал ирэх 50 жилийн хугацаанд 3000 гаруй хөхтөн амьтан хэрхэн нүүдэллэж, вируснүүд халдварлан тархаж болохыг загвар ашиглан судалжээ.


Тэдний тогтоосноор, зөвхөн хөхтөн амьтдын дунд л гэхэд төрөл зүйл хоорондын вирусний тархалт 4000 давах тооцоо гарчээ. Шувууд болон далайн амьтдыг энэхүү судалгаанд хамруулаагүй байна. Хэдийгээр бүх вирус хүнд дамжиж, коронавирустэй адил цар тахал болохгүй ч ийм вирус хүнд халдах эрсдэл улам нэмэгдэх төлөвтэй байна.


Өмнөх судалгаануудаар ой хомсдох, устаж үгүй ​​болох, мөн зэрлэг ан амьтдын худалдаа нь хэрхэн амьтнаас хүнд халдварлах өвчин тархахад хүргэдэг талаар судалж байсан боловч уур амьсгалын өөрчлөлт энэ төрлийн өвчний тархалтад хэрхэн нөлөөлж болох талаарх судалгаа бага байна гэж судлаачид лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.


Амьтнаас хүнд дамждаг өвчнүүдийг уур амьсгалтай төдийлөн холбож ярьдаггүй. Харин бид энэхүү судалгаандаа дэлхий дахинд хамгийн их тулгамдсан хоёр хямралыг хамтад нь авч үзсэн” гэж судалгааг ахлан явуулсан, Жоржтауны их сургуулийн биологийн шинжлэх ухааны дэд профессор Колин Карлсон хэллээ.


Уур амьсгалын өөрчлөлт, халдварт өвчин судлалын мэргэжилтнүүдийн хувьд дэлхийн дулаарал нь шинэ вируснүүд үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ гэдэгтэй санал нэг байна.


Тухайлбал, Небраскагийн их сургуулийн биологич, “Стокхольмын парадигм: Уур амьсгалын өөрчлөлт ба шинээр үүсэж буй халдварт өвчин” номын хамтран зохиогч Даниел Р.Брукс хэлэхдээ, энэхүү судалгаа нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн халдварт өвчний эрсдэл нэмэгдэх аюултайг харуулж байна гэв.


Мөн Харвардын их сургуулийн Уур амьсгал, эрүүл мэнд, байгаль орчны төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч, хүүхдийн эмч Аарон Бернштейны хэлснээр, уг судалгаа нь халдварт өвчний тархалтад дэлхийн дулаарал нөлөөлсөн гэх таамаглалыг баталж байгаа ажээ.


“Цаг уурын нөлөөнөөс шалтгаалсан халдварт өвчний дэгдэлт хэдийнээ гараад байгаа тул дэлхий нийт үүний талаар судалж, бэлтгэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй” гэж судалгааны ахлагч, Жоржтауны их сургуулийн экологич Грегори Альбери ярьжээ.


Уур амьсгалын асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтнүүдийн зөвлөлийн сүүлийн тайланг мөн ахлан боловсруулсан К.Карлсон халдварт өвчин тархах эрсдэлийг бууруулахын тулд дэлхий дахин хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, чулуужсан түлш хэрэглэхээс үе шаттайгаар татгалзах шаардлагатайг онцолсон байна. 

Холбоотой мэдээ