Жазз хөгжим нь дэлхийн соёлын төрөл зүйлийг улам баяжуулжээ

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2022-04-29 16:00:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 2011 онд Парис хотноо хуралдсан 36 дугаар чуулганаар жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны өдрийг Олон улсын жааз хөгжмийн өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг баталжээ Энэ жил 4 дүгээр сарын 30 бямба гаригт буюу амралтын өдөр тохиож байна.


“Жазз найрал хөгжим”-ийн бүрэлдэхүүнд хөгжмийн зэмсгийн хувьд 5 саксафон, 4 нарийн бүрээ тэр тооны тромбон бүрээ, орно.Түүнээс гадна  төгөлдөр хуур, бөмбөр, баас гитар буюу контор баас багтдаг байна. Яг ийм  бүрэлдэхүүнээр  2014 оноос эхлэн “Баян Монгол” чуулга нь Оросын жазз хөгжмийн бүтээлүүдээс хөгжимдөж, урын сангаа баяжуулж  байгаа гэж сайтдаа тэмдэглэжээ. Түүгээр зогсохгүй, ийм төрлийн хөгжмийг хөгжүүлэн түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинд Монголын жазз урлагийг сурталчлан таниулна гэж зорилгоо тодорхойлжээ. 


Монголын “Жазз найрал хөгжим”  (дагшаа найрал хөгжим)-ийн хөгжил нь Баян Монгол чуулга”-ын уран бүтээлчидтэй  салшгүй холбоотой. “Жазз найрал хөгжим”-ийн урлаг хөгжих нөхцөл суурь дорхи он дарааллын дагуу бий болсон бололтой. Энэ чуулга нь 1967 онд байгуулагдаж 1969 оны 7 дугаар сарын 10-нд УГЗ, хөгжмийн зохиолч Т.Чимэддоржийн удирдлагаар анхны тоглолтоо үзэгчдийн хүртээл болгож байсан юм байна.   


Монголд эстрад урлаг циркийн дагшаа найрал хөгжмөөс эхтэй гэдэг. Манай алтан үеийнхэн тэнд хөгжимдөж байжээ. Тухайлбал нэртэй хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуай акардион, Л.Намхайцэрэн, Ж.Аюуш нар хийл, Н.Дагва-Очир, С.Дэмбэрэл нар тромбон, Л.Цогзолмаа гуай саксафон тоглож байсан тухай урлагийн ахмадууд ярьжээ. Мөн алдарт хөгжмийн зохиолч Ж.Чулууны эгч Жүрмэд гэдэг эмэгтэй уг циркийн хөгжимд гитарчин байсан тухай   УГЖ Б. Ганбат 2015 оны үед хэвлэлд өгсөн ярилцлагадаа  баримт, сонин болгон ярьжээ. Энэ бол орчин үеийн урлагийн салбар бүрэлдэн тогтож байсан үед өрнөсөн үйл явдал биз ээ.


Тэр үед төрийн төв байгууллагуудаас орчин үеийн урлагийг хэрхэн хөгжүүлэх талаар бас тогтоол шийдвэр гаргаж байсан байна. Тухайлбал, МАХН-ын Төв Хороо, Сайн нарын Зөвлөл (СНЗ)-ийн хамтарсан тогтоолоор “концертын улсын эстрад товчоо” байгуулах шийдвэр 1945 онд гарч байжээ. Эндээс үндэсний урлагаас гадна  дэлхийн хэмжээний урлагийн төрөл зүйлийг манай улсад  хөгжүүлэх эх үүсвэр тавигдсан гэж үзэх боломжтой.


Дэлхий нийтэд “Жазз найрал хөгжим”-ийг хоёр өөр ертөнц, хоёр өөр иргэншил дунд үүссэн гэж тайлбарласан байна. Тухайлбал, АНУ-д Африкийн хар арьснуудыг аваачиж боолчилсон.Тэд дарлагдаж байхдаа дотроосоо “Хөдөлмөрийн уриан дуу” гэдэг дуун бүтээл төрүүлжээ. Боолууд ташуурдуулж, зовж хүнд хэцүүг туулах явцдаа тэр дуугаа дуулж хүч тэнхээгээ сэлбэдэг байжээ. Тэд үүсгэсэн уран бүтээлдээ нэр өгөх тухай ярилцаж дээ. Эхэндээ жаас гэж нэр өгсөн юм байх. Тэр үгийг махчлан үзсэн чинь “сэм явалдах” гэсэн утгатай үг болжээ. Түүнийг өөрчилж джааз гэж зохиомол нэр болгосон гэх тайлбар байна. Ингэж жазз хөгжмийн төрөл үүсчээ. Харин цааш нь поп рок, хард рок, метал рок гээд төрлүүд чиглэл чиглэлээрээ үүсч хөгжсөн гэж мэргэжилтнүүд тэмдэглэсэн байна. Энэ хөгжмийн олон урсгал, дахин давтагдашгүй хэмнэл нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлын эсрэг тэмцэлд итгэл найдвар, урам зориг өгч байжээ.


АНУ-ын хүний эрхийн төлөө тэмцэгч, арьс өнгөөр ялгаварлахын эсрэг үзэлтэн, уран илтгэгч Мартин Лютер Кинг “Жазз хөгжим амьдралыг өгүүлдэг” гэж хэлжээ. Энэ хөгжмийн XX зууны гол төлөөлөгчид  гэж Д.Элингтон, Г.Шуллер, Ж.Льюис, М.Дейвис, Ж.Колтрейн нар гэж судлаачид  цохсон байдаг ажээ.


Улмаар жазз хөгжим нь дэлхийн соёлын төрөл зүйлийг улам баяжуулж, хил хязгаарыг түвэггүй дамнан, хүн төрөлхтнийг нэгтгэж байгаа хэмээн ЮНЕСКО-гоос онцолсон байна.

Холбоотой мэдээ