Цахим гүйлгээ хийх танхимын сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-04-29 17:22:46
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр цахим шилжилтийн бодлого зорилттой уялдуулан төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр төрийн сангийн цахимжуулалтыг үе шаттай нэвтрүүлж байна.
Энэ ажлын хүрээнд төсөвт байгууллагын цалингийн гүйлгээг цахимаар баталгаажуулах Эрхийн бүртгэлийн сан системийг ашиглан цахимаар гүйцэтгэх, баталгаажуулах, дадлагажуулах танхимын сургалтыг Сангийн яам, Төрийн сангийн газар болон Архангай аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс хамтран аймгийн төвийн болон сумын төсвийн байгууллагын дарга, нягтлан бодогч нарт энэ сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Сангийн яам, Төрийн сангийн газрын зөвлөх Ц.Ариунсанаа, Э.Намуунаа, Э.Мөнхдэлгэр нар хоёр өдөр 3 ээлжийн танхимын сургалтыг удирдан төсвийн байгууллагын дарга, нягтлан бодогч нарт сургалт хийсэнн байна.
Төрийн сангийн төлбөр тооцоо цахим системд шилжсэнээр дарга, нягтлан бодогч хаанаас ч цалин хөлс, бусад төлбөр тооцооны гүйлгээг баталгаажуулан, заавал төрийн санд очилгүйгээр илгээх боломжтой юм. Цахим баталгаажуулалтыг хийснээр төлбөр тооцооны хурд сайжирч, цаасан архив буурч, цахим архив бий болох зэрэг дэвшлүүд гарч байна.
Сургалтаар авсан мэдлэгээ бататгаж, Эрдэнэмандал сумын Эрүүл мэндийн төв болон Татварын хэлтсийн дарга, нягтлан бодогч нар цахимаар цалингийн гүйлгээгээ амжилттай баталгаажуулж түүчээлжээ.
Холбоотой мэдээ