БНАСАУ-д хурцадмал байдлыг даамжруулахаа зогсоохыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-04-28 13:20:12

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Засгийн газар бүс нутагт хурцадмал байдал даамжрахаас сэргийлэхийг БНАСАУ-д уриалжээ. Саяхан БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун улсынхаа цөмийн хүчин чадавхыг улам бэхжүүлэхээ мэдэгдсэний хариуд энэхүү мэдэгдлийг хийсэн байна.


“БНАСАУ цөмийн хүчин чадавхаа ахиулах зэрэг хурцадмал байдлыг даамжруулах бүх үйл ажиллагаагаа зогсоож, хэлэлцээний ширээнд эргэн суух хэрэгтэй гэсэн байр суурийг манай Засгийн газар болон олон улсын хамтын нийгэмлэг баримталсан хэвээр байна” гэж Үндэстнээ нэгтгэх яамны төлөөлөгч мэдээлжээ.


Мөн БНСУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, энх тайвныг цогцлоох чиглэлд Вашингтонтой нягт уялдаа холбоотойгоор үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргахын сацуу БНАСАУ-ыг анхааралтай ажигласаар байх болно гэдгийг төлөөлөгч нэмж хэлсэн байна.


БНАСАУ даваа гарагт зохион байгуулсан цэргийн парадынхаа үеэр тив алгасагч баллистик пуужин тэргүүтэй стратегийн бусад зэвсгүүдээ үзүүлсэн бөгөөд энэ үеэр Ким Жөн Ун улсынхаа цөмийн хүчин чадавхыг “хамгийн хурднаар” ахиулахаа амлажээ.

Холбоотой мэдээ