Улстөрийн намуудын хуулийг бусад хуультай цогцоор шинэчлэхийг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-04-28 12:22:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улстөрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт орсон улстөрийн намын зарим төлөөлөл, эрдэмтэн, судлаач нар өнөөдөр Монгол Улсын Үндсэн хууль, Улстөрийн намын болон Сонгуулийн тухай хуулийн харилцаа сэдвээр хэлэлцэв. Хэлэлцүүлгийг МҮАН-ын дарга, Үндсэн хууль судлаач Б.Цогтгэрэл нээж хэлэхдээ,  “Өнөөдөр улстөрийн намуудын тухай хуулийг ярихаар гарцаагүй парламентын тогтолцооны талаар хөндөхөөс аргагүй.

Парламентын тогтолцоог төлөвшүүлье гэж байгаа бол Сонгуулийн тухай хууль мөн хөндөгдөнө. Гэтэл парламентыг төлөвшүүлж хөгжүүлэх, Улстөрийн намуудын хуулийг ярих гэхээр манай Үндсэн хуулиараа сонгуулийн тогтолцоог хязгаарлагдмал болгосон байгаа. Тиймээс улстөрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд дээрх 3 хуулийг цогцоор нь авч үзэн хэлэлцэж, иж бүрэн шинэчлэл хийх талаар төр, засагт хандан хүсэлт тавин хүргүүлж байгаа”-г онцоллоо.




Хууль зүйн ухааны доктор Л.Мөнхсайхан “Төрийн эрх мэдлийг харилцан тэнцвэртэй хуваан хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах тухай” илтгэлдээ, төрийн эрх мэдлийн тогтолцоог зөвтгөх тухай хөндөж байв. Энэ нь төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх шаардлагаас үүдэлтэйг хэлэв. Сонгодог утгаараа төрийн эрх мэдлийн хуваарилалтыг хэрэгжүүлэхдээ хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, шүүхийн эрх мэдэл хоорондоо тэнцвэртэй байх ёстойг тодотгож байв.

Өнөөдрийн хэлэлцүүлгээр Улстөрийн намуудын тухай хуулийн өөрчлөлт, шинэчлэлийг эрдэмтэн судлаач нар хууль зүйн шинжлэх ухааны онолын үүднээс хэрхэн харж, дэлхийн нийтийн практик ямар байгаа, хөгжиж буй орнуудын жишгээр хэрхэн үнэлж дүгнэж буйг ярилцан зөвлөлдлөө. Ингэж дахин дахин зөвлөлдөж байж нэгдсэн байр суурьд хүрнэ гэж үзэж буйгаа хэлэлцүүлэгт оролцогч нар илэрхийлж байлаа. Улмаар санал, байр сууриа нэгтгэсэн санал зөвлөмжөө УИХ-д хүргүүлнэ гэв.



ИТХ-д улстөрийн намаас нэр дэвшдэг байдлыг халах хэрэгтэй байна.



МҮАН-ын дарга, Үндсэн хууль судлаач Б.Цогтгэрэл “Үндсэн хуулийн эдийн засаг ба сонгуулийн тогтолцоо” сэдвээр тавьсан илтгэлдээ, “Өнөөдөр дэлхий нийтэд мажоритар, пропорциональ, холимог гэсэн 3 үндсэн бүлгийн дотор сонгуулийн 12 төрлийн систем үйлчилж байна. Зөвхөн мажоритар систем гэхэд хаалттай, нээлттэй жагсаалтаар, мөн санал шилжүүлэх холимог байдлаар, харьцангуй олонхийн болон намын багц саналын, мөн альтернатив гэсэн олон хувилбар байдаг. Гэтэл манайд сонгох, сонгогдох эрхийн үндсэн элементийг хэрэгжүүлж буй боловч, сонгуулийн хамгийн тохиромжгүй систем үйлчилж байна” гэв.





Аливаа асуудлаар талбай дээрээ гарч бужигнаж хэрэлдээд байхдаа бус танхимдаа суугаад бултаараа хэлэлцдэг бололцоог парламентад гаргахад хуулиудыг чиглүүлэх хэрэгтэй байна гэв.




Тэрээр, Улстөрийн намуудын тухай болон Сонгуулийн тухай хуультай холбоотой Үндсэн хууль дахь заалтыг хөнддөг юм гэхэд зөвхөн нэг зүйлийг бус, бусад бодитой өөрчлөлтийг хиймээр байна. Тодруулбал, орон нутаг дахь намчирхсан байдалтай талцлыг арилгах үүднээс ИТХ-д улстөрийн намаас нэр дэвшдэг байдлыг халах хэрэгтэй гэсэн саналыг тавьж байв. Үндсэн хуулиараа Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж нэрлэчихээд амьдрал дээрээ намын төлөөллийн хурал болгосон хэмээн шүүмжлэлтэй хандаж байв. Мөн олон улс оронд газар нутаг, төсөв, гадаад дотоод худалдаа, зээл, хөрөнгө оруулалт, байгалийн баялаг зэрэг бүх зүйлтэй хэрхэн яаж харьцахыг Үндсэн хуульдаа эдийн засгийн бүлэгт тусган бэхжүүлж нийтийн эрх ашгийг хамгаалж баталгаажуулж байдаг. Манайд ингэж тусгахгүй бол талбай дээрээ бужигнаад хэрэлдээд байх бус танхимдаа суугаад бултаараа хэлэлцдэг бололцоог гаргах хэрэгтэй байна гэв.

Хэлэлцүүлэгт доктор Д.Бумдарь, О.Ууганбаатар, Монголын Үндэсний ардчилсан нам, ИЗНН зэрэг улстөрийн нам, АТОЗ зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл А.Бархүү, Д.Чилхаажав, А.Батдорж нарын хүмүүүс оролцов. 



Холбоотой мэдээ