Д.Эрдэнэбилэг Гран при тэмцээний хошой аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-04-27 10:47:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зуун буудалт даамын Хаврын Гран при тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин, Олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг боломжит 18 онооноос 16-г авсан амжилтаар тэргүүллээ.


Ийнхүү ОУИМ Д.Эрдэнэбилэг швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргадаг тус тэмцээнд хоёр дахь удаагаа /2019, 2022/ түрүүлж байна. Тэмцээний 2-5 дугаар байрт ДДХМ Ц.Хашчулуун 14, СМ Б.Ганзориг 14, СМ Б.Батжаргал 13, СМ Б.Пүрэвбаатар 13 оноогоор тус тус шалгарсан. 


Монголын даамын холбоо /МДХ/ бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж, шинээр Удирдах зөвлөлөө сонгосноос хойш 2022 оны анхны том тэмцээн болох Хаврын Гран при-г Төмөр замын дээд сургуулийн байранд МДХ, Нийслэлийн даамын холбоо, УБТЗ-ын Татах хэсгийн “Дөл” клуб, “Чина Галсан сан”-гаас хамтран зохион байгуулж 110 тамирчин өрсөлдөж ийнхүү шилдгүүдээ шалгаруулж байна.


Монгол Улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээний өмнөх том сорилго болсон энэ тэмцээнд хөдөө орон нутгаас Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Дархан-Уул, Төв аймгийн тамирчид ирж оролцсон юм.  


Тэмцээний эмэгтэй ангилалд ДДХДМ Б.Есүй, ОУИМ Б.Мишээл, ОУИМ М.Нямжаргал эхний 3 байрыг эзэлсэн бол ахмадын ангилалд ДДХМ Д.Ганболд, охидын ангилалд ДМ Ц.Цацрал, хөвгүүдийн ангилалд ДМ Н.Түвшинбаяр нар аваргалжээ. Тусгай шагналыг Б.Дамбажав /Төв аймаг/, Ч.Дашпунцаг /Баянхонгор/, Э.Баттүшиг /Дундговь/, А.Амин-Эрдэнэ /Алтан хүү клуб/ нарт олгосон юм.


Энэ тэмцээнээс Ц.Цацрал /Алтан хүү клуб/ спортын мастер, О.Отгонбаяр /Зүтгүүрийн депо/, Э.Номунзаяа /Хөлөгт тоглоом клуб/, Б.Дамбажав /Төв аймаг/, Б.Батпүрэв /Зүтгүүрийн депо/ дэд мастер цолны болзлыг биелүүлсэн байна.

Холбоотой мэдээ