Бурхан багшийн их дүйчин өдрийг 6 дугаар сарын 14-нд тэмдэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон Монгол орны нийт бурхан шашны сүм хийд, ТББ-ууд “Энэрэл хайр түгээе” уриан дор нэгдэн Бурхан багшийн их дүйчин өдрийг 6 дугаар сарын 14-нд тэмдэглэнэ.
Энэ тухай зохион байгуулагчид Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
Бурхан багшийн эхийн хэвлийгээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхацдаг Их дүйчин өдөр нь буддын шашинтай дэлхийн улс орнуудын хувьд уламжлал болсон олон улсын тодотголтой томоохон баярын нэг юм. Жил бүрийн зуны эхэн сарын шинийн 15-ны өдөр нь бурхны шашинтай улс орнуудын хувьд хүндэтгэлтэй өдөр юм. Энэ жилийн хувьд билгийн тооллын зуны эхэн илүү сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр тохиож байна.
НҮБ-ын ерөнхий
ассемблейгаас 1999 оны 12 дугаар сарын 5-ны тогтоолоор тус өдрийг олон улсын
тэмдэглэлт өдөр болгон тунхагласан бөгөөд бурхны шашинтай улс орнуудад бүх
нийтийн баяр болгон тэмдэглэдэг. Монгол Улсын УИХ-ын 2019 оны 12 дугаар сарын
20-ны өдрийн чуулганаар Бурхан багшийн их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх
баярын өдөр болгон хуульчилсан. Олон улсад энэ баярын өдрийг шашин шүтлэг, арьс
өнгө, нас хүйсээс үл хамааран ард олон, улс орнууд харилцан ойлголцох, ялгаатай
байдлыг хүлээн зөвшөөрч хүндэтгэх, хүмүүнлэг хийгээд буяны үйлст уриалах,
түгээх замаар тэмдэглэдэг.
Их дүйчин өдрийг
тэмдэглэх нь зөвхөн шашин номын зан үйл, хүрээ хийдийнхний ажил хэрэг төдий биш
иргэд, үндэстний оюун санааны ариусал, гэгээрэл, эв нэгдлийн өдөр байж, эрдэм
номын баяр болон өргөжин тэлж байгаа нь нийгмийн ёс суртахууныг дээшлүүлэх
чухал ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолж байна.
Энэ өдрөөр Гандантэгчэнлин хийдэд шашин соёлын үйл ажиллагаа, нийслэлийн төв гудамжаар “Энэрэл хайр түгээе” уриатай сүрт жагсаал, Шинийн 8-15-ныг дуустал бурхан шүтээнд тахил өргөх үйл ажиллагаа, бурхан шашны ойлголтыг сурталчлан таниулах зорилготой нийгмийн сүлжээнд уралдаан зарлах, “Бурхан багшийн үйлс зохионгуй” эрдэм шинжилгээний хурал болон бусад хүмүүнлэгийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Жагсаалыг 2013 оноос
хойш зохион байгуулж байгаа бөгөөд оролцогчид үндэсний хувцастай ирэх
боломжтойг зохион байгуулагчид тодотгов. Мөн энэхүү жагсаал нь Д.Сүхбаатарын
талбад 9.00-11.00 цагт болох бөгөөд цаашид аялал жуулчлалын фестиваль болж жуулчдыг
татах онцлогтой баяр болж буйг онцолсон юм.
Баярын үйл ажиллагаа
уламжлал ёсоор сүрт жагсаал, бясалгалын флашмоб, ёслолын үйл ажиллагааг
Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг бурхны өмнөх талбайд зохион байгуулна.
Бурхан багшийн их дүйчин өдрөөр хүнлэг энэрэнгүй, ухамсарт нийгмийг цогцлооход хүн
бүрийн оролцоог нэмэгдүүлэх, эрдэм мэдлэг энэрэл нигүүлслийг эрхэмлэн, эв
нэгдэл өв соёлоо дээдлэх, уламжлуулах зорилгын дор нэгдэхийг зохион байгуулагчид уриаллаа.