Бодлогыг “Хайгуул-олборлолт-боловсруулалт-борлуулалт-хуваарилалт” зарчмаар тодорхойлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-04-25 10:05:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Build Mongolia 2022” барилга, уул уурхай, дэд бүтцийн текник, технологийн олон улсын үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдлаа.

Эрдэс баялгийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх, сүүлийн үеийн техник, технологи, инновацийг нэвтрүүлж олборлолтоос боловсруулах шатанд шилжих нь чухал байгаа энэ цаг үед “Build Mongolia 2022” үзэсгэлэнд зохион байгуулсан нь ач холбогдолтойг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал онцолжээ.


Тэрбээр, тус салбарт баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулахдаа, “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Засгийн газрын бодлогын баримт бичгүүдэд тусгасан томоохон зорилтуудыг хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэх замаар уул уурхайн салбарт нэмүү өртөг шингээн ажлын байр олноор бий болгох, олборлолтоос боловсруулах салбар болгон хөгжүүлэхээр хууль эрх зүйн шинэчлэл, цахим шилжилтийг эхлүүлээд байгаа”-г тэмдэглэв.


Энэ хүрээнд 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, түүнийг дагасан хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Хүнд үйлдвэрийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа аж.



Эрдэс баялгийн түүхий эдийн дэлхийн чиг хандлага, эрэлт, хэрэгцээнд тулгуурлан салбарын бодлогыг “Хайгуул-олборлолт-боловсруулалт-борлуулалт-хуваарилалт” гэсэн зарчмаар тодорхойлж, холбогдох хууль эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэх зорилт дэвшүүлэн дотоодын олборлолт, боловсруулалтыг эрчимжүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангах, гадаад зах зээлд нээлттэй, ил тод, худалдах зарчмыг баримталж байгааг дэд сайд илтгэлдээ онцолжээ.


Мөн уул уурхайн салбарын хөгжлийг хурдасгах суурь болсон хайгуулын салбарыг эрчимжүүлэх зорилгоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчилж, олголтын хурд, тоог нэмэх цахим системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байна.


Эрдэс баялгийн салбар нь 2021 оны жилийн эцсийн байдлаар ДНБ-ий 24, аж үйлдвэрийн салбарын 67, экспортын бүтээгдэхүүний 93, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 76, улсын төсвийн орлогын 30 хувийг дангаараа бүрдүүлжээ.

Холбоотой мэдээ