Монгол Улс Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-04-22 23:26:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Итали улсад хоёр жил тутам зохион байгуулдаг Венецийн дүрслэх урлагийн олон улсын 59 дэх удаагийн биенналь дахь Монгол Улсын павильон энэ сарын 20-нд албан ёсоор нээлтээ хийлээ.


Олон улсын биеннальд Монгол Улсыг төлөөлөн Соёлын сайд Ч.Номин, уран бүтээлч Ж.Мөнхцэцэг, куратор Б.Гантуяа нар оролцож байгаа юм. Монгол Улс “A Journey Through Vulnerability” буюу “Гүнээс гүнд” нэртэй үзэсгэлэнгээр оролцож байна.

Монгол Улсын павильон нь уран бүтээлч Ж.Мөнхцэцэгийн зөөлөн баримал, зүймэл, видео зэрэг сүүлийн 15 жилд туурвисан ажлуудаас бүрдсэн бөгөөд павильоны “Дутуу төрөлт”, “Зээрийн зүүд”, “Судасны чимээ” гэх гурван өрөөнд дэлгэсэн бүтээлүүд нь эмэгтэйчүүд, хүүхэд, амьтдын өөр өөр түүхийг хүүрнэх агуулгатай юм.


Үүний адил оролцогчид өөрийн улс, үндэстний соёл, сэтгэлгээний онцлогийг таниулж, улсаа сурталчлахын сацуу хүн төрөлхтөнд тулгарсан нийтлэг сорилт бэрхшээлийн талаарх хэлэлцүүлэгт нэгдэж, дэлхийн дүрслэх урлагийн чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмрээ оруулдаг юм.


Энэ жилийн биенналийг Нью-Йорк хотод амьдарч уран бүтээлээ туурвидаг, Итали куратор Чечилиа Алемани дэглэж байгаа бөгөөд үзэсгэлэнд 58 улсын 213 уран бүтээлч оролцож, 1400 гаруй бүтээл үзүүлж байна. Ази, Африкийн таван улс /Камерун, Намиби, Непал, Уганда, Оман/ энэ жил анх удаагаа оролцож байгаа аж.


Хүн хийгээд сав шим ертөнцийн холбоо, байгаль дэлхийн өмнө хүлээх хүмүүний үүрэг хариуцлага гэсэн ерөнхий агуулгатай үзэсгэлэн энэ оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.


Манай улс Венецийн олон улсын биеннальд 2015 онд “Отрын гэр”, 2017 онд “Хөх тэнгэрийн дор төөрөгсөд”, 2019 онд “Агшин зуур” үзэсгэлэнгээр оролцож байсан бөгөөд тухай бүртээ уран бүтээлчид хувийн хэвшил, хандиваар оролцож ирсэн. Харин энэ жилээс эхлэн Засгийн газрын шийдвэрийн дагуу Соёлын яамны дэмжлэгтэй оролцож байна.


"Гүнээс гүнд” үзэсгэлэнг нээж Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин хэлэхдээ, "Дэлхийн дүрслэх урлагийн салбарын өнгө төрхийг тодорхойлж, дэлхий ертөнцийн өөрчлөлт, хүмүүний сэтгэлгээ, бидний оршихуйг урлагаар дамжуулан илэрхийлж буй дэлхийн өнцөг булан бүрээс цугласан уран бүтээлчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголчууд бид өнөөдөр орчин цагийн дүрслэх урлагийн тавцан дээр бусад улс үндэстний шилдгүүдтэй мөр зэрэгцэн зогсож байна. Энэ болбоос Монгол Улсыг сурталчлах, улсынхаа уран бүтээлчдийн сэтгэлгээ, Монгол гэсэн онцлогоо дэлхий дахинаа харуулах, дэлхийн дүрслэх урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулах хором мөч, бидний хамтын үүрэг билээ. Монгол Улсын соёл урлагийн салбар, тэр дундаа дүрслэх урлагийн салбар дэлхийд маш том хувь нэмэр оруулах бүрэн боломжтой гэдгийн жишээ нь энэ юм. 

Монголын уран бүтээлчид 2015, 2017, 2019 онд Венецийн биеннальд оролцох эрхээ өөрсдөө авч, санхүүгийн асуудлаа ч бие даан шийдвэрлэж ирсэн. Мэдээж энэ нь уран бүтээлчдийн хувьд бэрхшээлтэй байсан нь гарцаагүй ч шантралгүй улс орноо төлөөлж, дэлхийн дүрслэх урлагийн хөгжилд зохих хэмжээний хувь нэмрээ оруулж ирсэн. Энэ өдөр тэдгээр эрхэм уран бүтээлчид, тэдэнд тусалж, дэмжиж байсан хүн бүрд талархал илэрхийлж, дараагийн уран бүтээлчдэдээ энэ оргилд хүрэх итгэл, цагаан зам татаж өгсөнд талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар Соёлын яамыг эмхлэн байгуулснаар, мөн өнгөрсөн хугацаанд дүрслэх урлагийн салбараа өндөр хэмжээнд авч явсан уран бүтээлчдийн хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнгээр бид энэ удаагийн биеннальд Засгийн газрын дэмжлэгтэй оролцож байна.

Засгийн газрын гишүүн, Соёлын сайдын хувиар цаашид ч дүрслэх урлагийн болоод бусад салбарынхныг олон улсын зэрэглэл бүхий тэмцээн уралдаан, үзэсгэлэнд Төрийн бодлогоор дэмжих байр сууриа бататган хэлж байгаадаа туйлын баяртай байгаа бөгөөд соёлыг төрөөс дэмжих шийдвэр цаашид үл тасрах шинжтэй байгаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна.

Ингээд энэ удаагийн биеннальд оролцож байгаа уран бүтээлч, куратор, санхүүгийн болон бусад талаар дэмжсэн төр, хувийн хэвшил, урлагт хайртай хэн бүхэнд талархал илэрхийлж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн Та бүхнийг Монгол Улсын павильонд тухлан саатахыг хүсье” гэв.


1895 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй “Дэлхийн урлагийн олимп” гэгддэг Венецийн дүрслэх урлагийн олон улсын биеннальд дэлхий нөлөө бүхий уран бүтээлчид үзэсгэлэнгээ гаргадаг бөгөөд дэлхийд нэртэй урлаг судлаачид, кураторууд, урлагийн байгууллагууд, 8000 гаруй олон улсын томоохон хэвлэл мэдээлэл, дэлхийн нөлөө бүхий улс төр, бизнесийнхэн цугладаг юм.

Тус наадамд оролцогч аливаа улс орон өөрсдийн уран бүтээлчдээр дамжуулан өөрийн орны орчин цагийн соёлын онцлог, хүмүүсийн сэтгэлгээний цар хүрээ, үзэл бодол, хандлагыг олон улсад тунхаглаж, дэлхийн тавцанд уран бүтээлчдээ гаргах боломжийг нээж улс төр, нийгэм, хүн байгаль орчны сэдвийг хөндсөн шинэлэг бүтээлээр оролцдог.

Хоёр жилд нэг удаа болдог дүрслэх урлагийн үзэсгэлэн, наадам. Дэлхийн хамгийн нэр хүндтэй биенналь бол 1895 оноос эхлэлтэй Венецийн биенналь юм. 

Латин хэлний “curate” гэдэг үгнээс гаралтай “харж хандан, хадгалан хамгаалах” гэх утгатай. Куратор нь контемпорари, орчин үеийн уран бүтээлчидтэй хамтран тэдний бүтээл, үзэсгэлэнг олон нийтэд хийгээд нийгэмд хүргэх гол чиглүүлэгч, гүүр нь болж ажилладаг мэргэжилтэн юм гэж Соёлын яам мэдээлэв.



Холбоотой мэдээ