АНУ хиймэл дагуул эсэргүүцэгч зэвсэг туршихаас татгалзаж байгааг мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-04-19 10:27:13

НЬЮ-ЙОРК. /RIA Novosti/. АНУ хиймэл дагуул эсэргүүцэгч зэвсэг туршихгүй байх үүрэг хүлээж, бусад улс орныг нэгдэхийг уриаллаа. Энэ тухай тус улсын дэд Ерөнхийлөгч Камала Харрис даваа гарагт Калифорни муж улсын Ванденберг агаарын цэргийн хүчний баазад үг хэлэхдээ мэдэгдэв.


“Өнөөдрөөс эхлэн АНУ хиймэл дагуул эсэргүүцэгч пуужингийн хор хөнөөлтэй туршилт хийхгүй байх үүрэг хүлээж байгааг дуулгахад таатай байна. Энгийнээр хэлбэл, ийм туршилтууд аюултай бөгөөд бид хийхгүй" гэж тэрбээр мэдэгджээ.


“АНУ-ын нэрийн өмнөөс би бүх улс оронд сансрын гүрэн ч бай, үгүй ч бай нэгдэхийг уриалж байна” гэж Харрис нэмж хэлсэн байна.


АНУ-ын дэд Ерөнхийлөгчийн хэлснээр, тус улс энэхүү үүргээ “сансар огторгуйд хариуцлагатай үйл ажиллагааны шинэ хэм хэмжээ болгохын тулд бусад оронтой хамтран ажиллана”.


“CNBC” сувгаар мэдээлснээр, АНУ хамгийн сүүлд 2008 онд хиймэл дагуул эсэргүүцэгч зэвсэг туршиж, ашиглалтаас гарсан тагнуулын хиймэл дагуулыг "SM-3" зенитийн пуужингаар устгасан байна. Ийм туршилтыг мөн БНХАУ, ОХУ болон Энэтхэг улс хийжээ.


Холбоотой мэдээ