Ажил идэвхтэй хайж буй иргэдийн 50 орчим хувь нь эмэгтэйчүүд байна

ОРОН НУТАГТ | Завхан
myagmarsuren@montsame.mn
2022-04-13 18:05:53

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт дөрөвдүгээр сарын байдлаар аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй хүний тоо 893 болж, өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин өсжээ.

Аймгийн хэмжээнд 400 эмэгтэй ажил идэвхтэй хайж байгаа нь ажилгүйчүүдийн 44.8 хувийг эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 11.7 хувь нь 15-24, 32.5 хувь нь 25-34, 29.1 хувь нь 35-44 насныхан байна. Харин 21.5 хувь нь 45-54, 1.9 хувь нь 60-аас дээш насны ажилгүйчүүд байна.

Ажилгүйчүүдийн 1.5 хувь нь боловсролгүй байгаа бол 7.1 хувь нь суурь боловсролтой байна. Харин 56.8 хувь нь бүрэн дунд, 4.8 хувь нь техникийн болон мэргэжлийн боловсролтой байна. Нийт ажил идэвхтэй хайж буй иргэдийн 23.7 хувь нь дээд боловсролтой хүмүүс байна. Тухайлбал, техникийн болон нийгмийн ухааны мэргэжилтэй дээд боловсролтой иргэд ажил идэвхтэй хайж байна гэж аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас мэдээлэв.

Ташрамд ажил идэвхтэй хайж буй бага болон боловсролгүй иргэдийн хувьд улирлын чанартай барилга, зам засварын ажлуудад зуучлуулан ажилд ордог.  Харин өвөл, хаврын улиралд ажил идэвхтэй хайж байгаа иргэдийн тоо бага зэрэг өсдөг аж.

Холбоотой мэдээ