Австралийн тамирчдын байрласан байранд гал гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-07-30 12:36:48

РИО-ДЕ-ЖАНЕЙРО./VOA/. Зуны Олимпын тоглолтод оролцохоор Рио-де-Жанейро хотод ирээд байгаа Австрали улсын шигшээ багийнхны байрласан байрны хонгилд багахан хэмжээний гал гарсан тул тамирчдыг нүүлгэн шилжүүлжээ.

Баасан гарагт гарсан галын үеэр бүх тамирчдыг өөр газарт шилжүүлсэн бөгөөд тамирчид болон албаны хүмүүсийн биеийн байдал сайн, сэтгэл санаа өөдрөг байгаа тухай  австраличууд твиттер хуудсандаа жиргэсэн байна.

Австралийн багийн хэвлэлийн төлөөлөгч Майк Танкред сэтгүүлчдэд хэлэхдээ, их утаа гарч байсан боловч “сүртэй юм болоогүй” гэжээ. 30 минутын турш ассан галын шалтгаан юунд байсныг мэдэхгүй гэдгээ тэрбээр хэлсэн байна.  

Долоо хоногийн өмнө Бразилд ирсэн Австралийн багийнхан гал гарсан дээрх байранд орохгүй хэмээн цааргалж байсан юм. Учир нь, өрөөнүүд нь бохир заваан, бие засах өрөөний суултуур ажиллахгүй, цахилгааны богино холбоо үүссэн зэрэг асуудал гарчээ. Ажилчид засвар хийсний дараа австраличууд уг байранд орсон аж.

Австралийн тамирчдаа гадна Итали, Шинэ Зеландын багийнхан байр сууцны нөхцлийн талаар гомдол гаргасан байна. Тэд ажилчид хөлслөн сууж буй байрандаа засвар хийлгэсэн гэнэ.  

Д.Нямтулга 

Холбоотой мэдээ