Д.Мөнхзул өсвөрийн шатарчдын УАШТ-д 7 дахь удаагаа түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-04-08 15:45:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шатрын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн Багануур дүүрэгт болж 16 хүртэлх насны ангилалд дэлхийн аварга Даваахүүгийн Мөнхзул түрүүллээ.


Тус ангилалд Д.Энхсаран мөнгө, Н.Энхболор хүрэл медаль хүртлээ. Дэлхийн аварга Д.Мөнхзул өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 7 дахь удаагаа түрүүлж байна. Тэрбээр дэлхийн өсвөр үеийн аваргын 3 алтан медальтай, Азийн аварга бөгөөд түүний эгч Д.Хонгорзул сурагчдийн дэлхийн аварга, дүү Д.Өнөрзул нь ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай.


Ийнхүү нэг айлын гурван охин шатрын спортоор хичээллэн, ДАШТ-ээс медаль авсан нь ховор тохиолдол юм. Багануур дүүрэгт зохион байгуулсан өсвөрийн улсын аварга шалгаруулах хөвгүүдийн 53, охидын 47 дахь удаагийн шатрын тэмцээнд "Гэгээн Арвай" клуб 3 жил дараалан түрүүллээ.



Тус багаас 20 шатарчин өрсөлдсөнөөс нэг алт, 6 мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна. Тодруулбал, 15-16 насны охидын ангилалд WFM Д.Мөнхзул алтан медаль, 17-18 насны хөвгүүдийн ангилалд FM Г.Амартүвшин мөнгөн медаль, 15-16 насны хөвгүүдийн ангилалд СМ Б.Эрхэс мөнгөн медаль, 15-16 насны охидын ангилалд WCM Б.Энхсаран мөнгөн медаль, 11-12 насны охидын ангилалд Н.Содгэрэлт мөнгөн медаль, 11-12 насны хөвгүүдийн ангилалд Б.Агьбат мөнгөн медаль, 7-8 насны охидын ангилалд М.Мандухай мөнгөн медаль, 11-12 насны охидын ангилалд Э.Зол-Учрал хүрэл медаль, 9-10 насны хөвгүүдийн ангилалд Б.Батбаатар шагналт дөрөвдүгээр байр гэсэн амжилт үзүүлж, нийлбэр дүнгээр 16 оноо цуглуулжээ. Тус клубын багшаар их мастер Б.Гүндаваа, ФМ Н.Төвсанаа, гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул нар ажилласан байна. 

Холбоотой мэдээ