Оюутны наадмын шилдгүүд Чендүгийн универсиад наадамд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-04-04 16:30:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын оюутны спортын V наадам 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс “Ковид-19” цар тахлын улмаас завсарласан бөгөөд 1 жил 5 сарын дараа буюу мягмар гаргаас сагсан бөмбөгөөс бусад төрлийн тэмцээнийг үргэлжлүүлэн зохион байгуулна.


Энэхүү наадмын талаар Монголын оюутны спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор, гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхантай уулзаж тодрууллаа.


-Наадмын тэмцээнүүдийг хэрхэн зохион байгуулах вэ?


-Монголын оюутны спортын V наадам цар тахлын улмаас гурав дахь удаагаа хойшлон одоо зохион байгуулж байна. Анх 2020 оны 4 дүгээр сарын 16-25-нд явуулахаар товлосон ч цар тахлын улмаас зогссон. Улмаар 2020 оны 10 дугаар сарын 8-18-нд явагдах тов гарсан ч орон нутгийн сонгуультай хугацаа давхардан дахин хойшлуулж, 11 дүгээр сарын 2-ноос 12 дугаар сарын 10-нд явуулахаар тогтсон юм. 


Ингээд наадмыг 2020 оны 11 дүгээр сарын 2-нд Спортын төв ордонд амжилттай нээн, сагсан бөмбөгийн тэмцээнийг 11 дүгээр сарын 3-8-нд СТО, МУБИС-ийн зааланд зохион байгуулсан. Наадмын гандболын тэмцээн Буянт-Ухаа спортын ордон 11 дүгээр сарын 9-10-нд явуулж байгаад тэмцээний дундаас буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” Засгийн газрын 178 тогтоол, УОК-ны  2020 оны 11 сарын 11-ны өдрийн 22 тогтоолын гуравдугаар хэсэгт зааснаар бүрэн зогсоосон билээ.  


ЗБХ-ны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өприйн V хурлаар “Ковид-19” коронавирусний халдварын нөхцөл байдлаас шалтгаалж наадмыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргасан юм.



Наадмыг зохион байгуулах зардлыг 2022 оны улсын төсөвт суулган  БТСУХ-ны даргын 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн А/17 тоот тушаал гарч, МОСХ-нын саналын дагуу Монголын Оюутны спортын V наадмыг 2022 оны 4 дүгээр сарын 5-наас 5 дугаар сарын 10-нд явуулахаар наадмын Зохион байгуулах хорооны гуравдугаар сарын 24-ний ээлжит VI хурлаар шийдвэрлэсэн. Наадмын зааварт цаг хугацаа, байр талбай, бүртгэлтэй холбоо бүхий хэд хэдэн нэмэлт заалт орж, өөрчлөлт хийн БТСУХ-ноос баталгаажуулсан.


-Наадам ямар төрлүүдээр үргэлжлэх вэ ?


-Монголын оюутны спортын V наадам спортын 10 төрлөөр явагдаж байгаа. Сагсан бөмбөгийн тэмцээн болж медальтнууд тодорсон. Одоо наадмын тэмцээний шинэчилсэн хуваарийн дагуу есөн төрлийн тэмцээн болно. Гандболын тэмцээн 4 сарын 5-6-нд Буянт Ухаа спортын ордон,  Таеквондогийн тэмцээн нь 4-р сарын 5-6-нд Мон-Алтиус ДС-ийн спорт зааланд зохиогдоно. Бид бэлтгэл ажлаа хангаад тэмцээнүүдийг эхлүүлэхэд бэлэн болсон.


  • Жүдогийн АШТ 4-р сарын 13-14-нд ҮБХИС-ийн спорт зааланд,
  • Волейбол 4-р сарын 14-20-нд ШУТИС, МУИС-ийн спорт зааланд,
  • Ширээний теннис 4-р сарын 14-15-нд “Оч” ширээний теннисний клуб,
  • Шатар 4-р сарын 15-17, “СПС” цогцолборт
  • Футзаалны АШТ 4-р сарын 25-26-нд МХБХ-ны Футзаалны ордонд,
  • Чирлидинг 4-р сарын 30-нд МУИС-ийн спорт зааланд,
  • Чөлөөт бөх 4-р сарын 30-наас 5-р сарын 1-нд “Аврагч” спорт хорооны зааланд тус тус явагдана.


Монголын оюутны спортын V наадмын гандболын тэмцээний хасагдах шатны болон хагас болон шигшээ тоглолт болох ба хуваарь гарсан. Урьдчилсан шатны тоглолтууд 2020 оны 11 дүгээр сарын 9-10-нд Буянт-Ухаа спортын ордонд явагдсан. Одоо эрэгтэй багуудаас 8 баг шалгаран үлдсэн. Үүнд: Аварга ДС, ИЗОУИС, Мон-Алтиус ДС, МУИС, ҮБТДС, ҮБХИС, ХААИС, ШУТИС-ийн багууд тоглоно. Харин эмэгтэй багуудаас урьдчилсан шатнаас 6 баг шалгарсан. ИЗОУИС, Мон-Алтиус ДС, МУИС, ҮБТДС, ҮБХИС, ХААИС багууд хоорондоо тоглож аварга багууд тодорно.


Наадмын Таеквондогийн тэмцээнд 13 их, дээд сургуулийн 100 орчим тамирчин эмэгтэй, эрэгтэй тус бүр 5 жинд оролцохоор жингээ үзүүлэн, мандатаа гардсан.


-Оюутны спортын наадам анх хэдэн оноос явагдаж байгаа вэ?


- Биеийн тамир, спортын тухай хууль 2003 онд батлагдан  тус хуулийн 16 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монголын оюутны спортын наадам нь дөрвөн жил тутамд Засгийн газрын шийдвэрээр явагдахаар болсон. Наадмыг 2005, 2009, 2013, 2017 онд монгол орон даяар болон гадаад орнуудад суралцдаг монгол оюутны дунд зохион байгуулсан. Энэ хугацаанд спортын 10-18 төрлөөр болж 120 орчим ИДС-иас шалгарсан 35.400 орчим тамирчин, шүүгч, багш дасгалжуулагч оролцож байв.


Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монголын оюутны спортын наадмыг явуулж ирсэн 17 жилийн хугацаанд олон их, дээд сургууль, коллежийн оюутан, багш нар хамрагдаж, оюутны спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэн, Засгийн газрын мөнгөн шагнал олгох болсон нь Монголын оюутны спортын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна.


-Тус наадам 2020 оноос дэлхийн оюутны “Универсиад” наадамтай адил  2 жил тутамд явагдах үеэчлэлд шилжсэн, уг журмаар явагдаж байгаа юу?


-БТС-ын тухай хуулийн 2017 оны шинэчилсэн найруулгын 17.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын  дагуу 2020 оноос эхлэн Монголын оюутны спортын наадмыг 2 жил тутамд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.  Үүний дагуу БСШУС-ын сайдын 2019 оны 8-р сарын 2-ны өдрийн А/493 дугаар тушаал гарч, БТСГ-ын даргын 2019 оны А/357 тушаалаар ЗБХ-г байгуулсан.


БТСУХ-ны даргын 2020 оны 10 дугаар сарын 1-ний шийдвэрээр Монголын оюутны спортын V наадмыг спортын 10 төрлөөр /волейбол, гандбол, жүдо, сагсан бөмбөг, таэквондо, футзал, чирлидинг, чөлөөт бөх, шатар, ширээний теннис/ явуулах  зааврыг баталсан.


“Монголын оюутны спортын V наадмын шигшээ тэмцээнийг зохион байгуулалтын зардлыг гаргах тухай” 2020 оны 10-р сарын 21-ний өдрийн А/46 тушаалын  хэрэгжилтийг хангах зорилгоор манай холбоо нь энэхүү наадмын өдөр тутмын үйл ажиллагаа, санхүү, зохион байгуулалтын ажлыг хариуцан ажиллаж байна.


-Энэ наадамд хэдэн ИДС-ийн оюутан, баг тамирчид оролцож байна?


-Монголын оюутны спортын V наадамд одоогоор 34 их, дээд сургуулийн 3000 орчим оюутан тамирчид, багш, дасгалжуулагч, шүүгч, зохион байгуулагч нар  оролцохоор мэдүүлгээ өгч, бүртгэлд ороод байна.

Цар тахлын улмаас сагсан бөмбөг, волейболын тэмцээнд оролцох багийн тоонд хязгаар тавьсан байгаа. Оюутны 2017-2019 оны тэмцээний рейтингийн үнэлгээгээр зөвхөн шилдэг 12-16 баг орж байна. Олон баг оролцох сонирхолтой ч боломжгүй болсон. Мөн гадаадад суралцагч оюутны спортын бүсийн наадам Москва, Бээжин хотуудад явагдах байсан ч цуцлагдсан.


-Наадмаас шалгарсан баг тамирчид гадаадын тэмцээнд оролцох уу?


- Энэ наадмын жүдо, сагсан бөмбөг, таеквондо, ширээний теннисний тэмцээнээс шалгарсан шилдэг баг тамирчдыг 2022 оны 6 дугаар сарын 26-наас 7 дугаар сарын 7-нд БНХАУ-ын Чендү хотноо болох дэлхийн оюутны спортын XXXI наадамд сонгон оролцуулах учраас баг тамирчдын ширүүн өрсөлдөх шинжтэй байна.


Монголын баг Универсиад наадамд спортын 11 төрөлд хүчээ сорино. Одоогийн байдлаар 166 төлөөлөгч оролцохоор олон улсын байгууллага, Зохион байгуулах хороонд мэдүүлгээ гарган бэлтгэл ажлаа хангаж байна.

Холбоотой мэдээ