Х.Амаржаргал: Аж үйлдвэрийн бодлогыг зөв тодорхойлсноор тогтвортой эрхзүй бүрдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-03-24 16:15:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монголын Эдийн засгийн чуулган-2022" форумын өмнө болж буй дэд хэлэлцүүлэг дээр гарсан санал, оролцогч нарын хэлсэн үгийг хүргэж байна. Форумын хүрээн дэх урьдчилсан 3 дахь хэлэлцүүлэг өнөөдөр “Аж үйлдвэрийн сэргэлт” сэдвээр “Корпорейт конвейншн центр”-т болсон юм.

“Рио Тинто” группийн Монгол дахь гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, “Энэ удаагийн форумын өмнөх хэлэлцүүлгүүд нэлээн өргөн хүрээнд, зохион байгуулалттай болж байна. Тиймээс үндсэн чуулганаас тодорхой шийдэлтэй, үр дүнтэй яриа хэлэлцүүлэг гарах болов уу гэдэгт итгэж байна. Мөн энэ жилийн онцлог гэвэл Засгийн газрын бодлогын хүрээнд Төр-хувийн хэвшлийн түншлэлийг нэлээн сайн хангаж, аль ч салбарт тухайн салбарынхаа оролцогч талын санал бодол, үгийг сонсох байдлаар хэлэлцэж байгаа нь сайшаалтай.

Аж үйлдвэрийн хөгжилд уул уурхай чухал ач холбогдолтой, эдийн засгийн тэргүүлэх үүрэгтэй салбар хэвээр байгаа. Энэ салбарыг цааш авч явахад хайгуулаа сайн хөгжүүлэх үү, эсвэл боловсруулалт дээрээ тулгуурлах юм уу, үүн дээрээ түшиглээд хүнд үйлдвэрээ цааш хэрхэн хөгжүүлэх юм, эсвэл хайгуул-олборлолтын шатанд жижиг, дунд үйлдвэрээ эдийн засгийн кластер хэлбэрээр хөгжүүлэх үү зэргээр бодлогоо зөв тодорхойлох хэрэгцээ шаардлага байна. Үүний дараа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд нэлээн хэдэн хуулиа шинэчлээд, бодлогын хүрээнд өөрчлөөд явах болов уу гэсэн хүлээлт бий.

Хамгийн гол нь эрхзүйгээ өөрчилж шинэчлэхдээ одоогийн мөрдөж буй хуулиудтайгаа уялдаа холбоог нь сайн хангаж өгмөөр байна. Хуулиудын үйлчлэл ойлгомжтой, хүртээмжтэй байх хэрэгтэй. Гол нь хуулиудаа байн байн өөрчлөхдөө биш, хөгжлийн алсыг харсан байх нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт ч тогтвортой үйл ажиллагаа явуулахад хэрэгтэй. Бизнесийн салбар, ялангуяа уул уурхайн салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт шаардагддаг, урт хугацаанд үйл ажиллагаа явуулдаг учир бизнесийн, хууль дүрмийн, эрхзүйн тогтвортой, тууштай байдал чухал. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтын гол шалгуур үзүүлэлт байдаг” гэв.


"Рио Тинто" группийн Монгол дахь гүйцэтгэх захирал Х.Амаржаргал: Эдийн засгийн чуулганаас тодорхой шийдэл, үр дүнтэй яриа хэлэлцүүлэг гарна гэдэгт итгэж байна.




Д.Жигжидмаа: Хөрөнгө оруулалтыг өрсөлдөх чадвараа

тодорхойлсноор татаж чадна


Дэлхийн банк, ОУСК-ийн Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Жигжидмаа, “Миний ойлгосноор Эдийн засгийн чуулганаар Засгийн газраас хэрэгжүүлж эхэлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт танилцуулах байх. Үүнтэй холбогдуулан аль ч салбарын хэлэлцүүлгээр гадаадын хөрөнгө оруулалт болон экспортын талаар хөндөж байна. Тодруулбал, ГХӨО-ын тухай хуулийн өөрчлөлттэй холбогдуулан Ажлын хэсэг байгуулан ажиллаж буйг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо танилцуулсан. Томоохон өөрчлөлт хийхээр болсныг дуулгасан. Хөрөнгө оруулагчдын хувьд давхар татвар төлөх зэргээр татварын дарамт учруулахгүй байх, гадаад, дотоодын татвар төлөгч нарт харилцан ялгаваргүй, шударга хандах, ижил тэгш нөхцөлийг бүрдүүлэх, залилан луйвраас хамгаалах эрхзүй хэрэгтэй байна.

ГХӨО-ын тухай хуулийг татварын систем болон бүртгэл, хөрөнгийн зэрэг бусад холбогдох, салбарын хуультай уялдуулж шинэчлэхгүйгээр дангаар гаргавал өмнө нь баталсан хууль шигээ олигтой хэрэгжихгүй, өрөөсгөл болно. “Алсын хараа-2050”, Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэрэг урт болон богино хугацааны хөгжлийн хөтөлбөрт тусгасан ГХӨО-ыг нэг цонхоор нэгтгэж гаргах, Засгийн газраас хэрэгжүүлж эхэлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдуулан эргэн харах шаардлага гарч байна” гэв.




Тэрээр, ОУСК-иас Монгол Улсын хөрөнгө оруулалтын шинэчлэлийн талаарх зураглалын тайланг 2018 онд гаргаж, эдийн засгийн хувьд стратегийн чиглэлээр ямар нэг салбараас хамааралгүй бодлого, үйл ажиллагаа явуулах талаар дурдаж, ХАА, аялал жуулчлал, мэдээлэл, технологи болон И-коммерс буюу онлайн худалдааг хөгжүүлэх зэрэгт гадаадын хөрөнгө оруулалт шаардлагатай, ГХӨО татах боломжтой 4 салбарыг дурдаж байсныг тодотгов.

Гадаадын хөрөнгө оруулалтыг татахдаа экспортын чиг баримжаатай байхаар тусгасан. Уул уурхайн салбарын хувьд эдийн засгийн тулгуур салбар байх тул тогтвортой хөгжүүлж, нэмүү өртөг шингээсэн байдлаар гадаадын хөрөнгө оруулалтыг үргэлжүүлэн татах хэрэгтэй. Ингэхдээ эхний ээлжид эдийн засгийн салбаруудын хувьд Монгол Улс дотроо тэргүүлэх ач холбогдолтойг нь зарлахдаа бус, олон улсад гарах Монгол орны эдийн засгийн суурь, өрсөлдөх чадвартай салбарыг тодорхойлж, 2-3 салбарт гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх тодорхой нөхцөлийг зарлах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт гэдэг зөвхөн мөнгө, санхүүгийн асуудал биш, энэ нь технологи, боловсон хүчин, мэдлэг, бүтээгдэхүүний чанар, стандарт, зах зээл юм. Тэргүүлэх салбараа тодорхойлохдоо ч тэр дэлхийн эдийн засаг, тив, бүс нутгийн хэмжээнд ямар ач холбогдол, нөлөөтэй байхыг харж гаргаж ирэх хэрэгтэй байна гэв.

 

 

Холбоотой мэдээ