I Елизаветагийн хөрөг бүхий алтан зоос 700 мянган еврогийн үнэ хүрч зарагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
Jargal.d@montsame.mn
2022-03-23 12:35:47

БЕРЛИН. /TASS/. Английн хатан хаан I Елизаветагийн (1533-1603) хөрөг бүхий алтан зоос Германд болсон дуудлага худалдаагаар 700 мянган еврогийн үнэ хүрч зарагджээ. Энэ тухай дуудлага худалдааг зохион байгуулсан "Кюнкер" ордны төлөөлөгч “Neue Osnabrücker Zeitung” сонинд мэдээлсэн байна.


Тус сонинд мэдээлснээр, уг зоос 44 мм-ийн диаметртэй 61 гр жинтэй ажээ. Түүнчлэн эцсийн үнэ нь 250 мянган евро хүрнэ гэж шинжээчдийн тооцоолж байснаас хамаагүй өндөр үнэ хүрснийг онцолсон байна. Дуудлага худалдаанд оролцогч I Елизаветагийн хөрөг бүхий алтан зоосыг 700 мянган еврогоор худалдаж авчээ. Гэсэн хэдий ч нэрээ нууцалсан худалдан авагч татварын хамтаар нийт 840 мянган евро төлөх ёстой байна. 


Дуудлага худалдааны ордны төлөөлөгчийн мэдээлснээр, энэхүү алтан зоос нь XV-XVII зууны үед томоохон зооснуудын нэг байжээ.


Английн хатан I Елизавета нь (1558-1603) Тюдорын удмын сүүлчийн хүн юм. Түүний хаанчлалын үед Англикан сүм сэргэж, Испанийн тэнгисийн цэргийн флот ялагдаж (ялагдашгүй армада гэгддэг; 1588), Зүүн Энэтхэгийн худалдааны компани байгуулагдаж (1600), Америкт анхны колониуд бий болсны зэрэгцээ Ирланд дахь Английн эзэмшил газар өргөжиж, Английн архитектурт "Элизаветан" хэв маяг бий болжээ. 


Холбоотой мэдээ