Польшийн бизнес эрхлэгчид Улаанбаатар хотод айлчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-03-22 15:41:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Бүгд Найрамдах Польш улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа.


Европын бизнес клубийн гишүүд буюу Польшийн бизнес эрхлэгчид Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 5-10-нд айлчлахтай холбогдуулан бэлтгэлийн талаар санал солилцов.


Айлчлалын бүрэлдэхүүнд барилга, барилгын зураг төсөл, жижиг онгоц үйлдвэрлэлийн салбарын төлөөлөл багтжээ. Үүнтэй холбогдуулан МҮХАҮТ, Улаанбаатар хотын худалдааны танхим, Улаанбаатар хөгжлийн корпорац ХК, Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ХХК зэрэг байгууллагатай уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна.


Польш Улсын эдийн засгийн 70-80 орчим хувийг хувийн хэвшил авч явдаг аж. Сүүлийн 2 жилд хоёр улсын хооронд эдийн засгийн уулзалт хийгээгүй. Тиймээс энэ удаагийн уулзалтыг бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаанд тодорхой үр өгөөжтэй байлгахын тулд нийслэлээс шалтгаалах бүх зүйлд хамтран ажиллахад бэлэн гэдгийг Ж.Сандагсүрэн тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ