АХБ-ны зээлээр “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл” хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-03-22 13:48:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банкны Зээлийн хэлэлцээрүүд (Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл)-ийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.


Байнгын хорооны хуралдаанд төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хамтын ажилллагааны хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл”-ийг тус банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр тохиролцоод байна. Төслийг хэрэгжүүлснээр харьцангуй бага ашигласан бэлчээрийг хамгаалах, даац хэтэрсэн хэсэгт зохицуулалт хийж, малын эрүүл мэндийн үйлчилгээ, сүргийн бүтэц, үүлдэр угсааг сайжруулах аж. Мөн мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, ган, зуд гэх мэт байгалийн гамшигт өртөмтгий байдлыг бууруулах зэрэг  ач холбогдолтойг салбарын сайд танилцуулгадаа онцлов.


Танилцуулгын дараа УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, Ц.Даваасүрэн, Д.Өнөрболор, Б.Пүрэвдорж нар асуулт асууж,  санал хэллээ. Гишүүд малын тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэхэд чиглэсэн үрийн нөөц болон малчдын мэдлэгийг дээшлүүлэх, мал эмнэлгийг чадавхжуулах талаар төсөлд тусгагдсан эсэхийг лавлав. Мөн өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн өндөр өртөг, санхүүжилттэй төсөл, хөтөлбөрийн үр дүнд хяналт тавьсан эсэх, төсөл хэрэгжүүлэх аймгуудыг ямар шалгуураар сонгосныг тодруулж байлаа. 


ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, энэ төсөл нь Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн хил залгаа 20 суманд хэрэгжинэ хэмээв.

Мөн өвсний агуулах барих, 20 сумын бэлчээрийн нөөц газар байгуулахаар тусгагдсан байна. Малыг эрүүлжүүлэх ажлын хүрээнд нийтдээ 54 мал эмнэлгийг чадавхжуулахаар төсөлд тусгажээ.


Ийнхүү санал хураахад тус төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжиж, санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтлоо. 

Холбоотой мэдээ