Найруулагч Б.Алтан-Очирын цуглуулгаар үзэсгэлэн дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-03-21 15:48:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн Хүүхэлдэйн театрын өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан Хүүхэлдэйн театрын найруулагч, ахмад уран бүтээлч Б.Алтан-Очирын цуглуулгаар Монголын театрын музейд үзэсгэлэн гаргалаа.


1948 оны 7-р сард зохиолч Н.Надмид, найруулагч М.Чойжамц, зураач А.Дашдондог нарын мэргэжилтэнг ЗХУ-ын С.Образцовын нэрэмжит театрт дадлага хийлгэхээр явуулжээ. Тэд ирээд хүүхэлдэйн урлагийн баг бүрдүүлж “Гайхамшигт хайрцаг” хэмээх орчуулгын жүжгээр 1948 оны наадмын өдрүүдэд нээлтээ хийснээр Монголын Хүүхэлдэйн театр үзэгчидтэйгээ анх мэндчилсэн түүхтэй.


“Тухайн үед хуруун болон таягт хүүхэлдэй тоглож байсан. Миний багш, уран барималч П.Дамдинсүрэн Монголын ихэнх хүүхэлдэйнүүдийг урладаг авьяаслаг өвгөн байлаа. Надад уран бүтээлийн зураг, номоо бэлэглэж байсан. Тэр үеэс хүүхэлдэйн театрын судалгаа хийж хувийн цуглуулгатай болох эхлэлээ тавьсан” хэмээн найруулагч Б.Алтан-Очир дурдав.

Тэрбээр Чех улсад хүүхэлдэйн урлагийн мэргэжил эзэмшсэн бөгөөд Улсын хүүхэлдэйн театрт олон жил найруулагчаар ажиллажээ. Мөн театрын даргын албыг ч хашиж байсан юм.


Энэ удаагийн үзэсгэлэнд хүүхэлдэйн театрын хөгжил, театр судлалын бүтээлүүд, олон улсын болон Монголын тайзнаа бяцхан үзэгчдэд зориулан тавьсан жүжгийн зурагт хуудаснууд болон хүүхэлдэйн театрын чиглэлээр мэргэшиж буй төгсөгчдийн бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байна.


Мөн Хятад, Чех, Польш, Орос, Болгар, Вьетнам, Япон, Тайванийн алдартай хүүхэлдэйн театрын жүжигчид Монголд айлчлан тоглож байсан тухай гэрэл зургуудыг ч дэлгэжээ.


“Хүүхэлдэйн театрын жүжигт насны хязгаар гэж байхгүй. Бүх насны хүмүүс үздэг. Хүүхэлдэйн урлаг өнгөт, таягт, багт, сүүдэр гээд баялаг төрөлтэй. Манай улс Чех, Польш, Румын, Болгар, Хятад улсад болдог олон улсын хүүхэлдэйн наадамд удаа дараа оролцож байсан” хэмээн сонирхууллаа.


Ташрамд дурдахад, тэрбээр Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа 1982 онд Ц.Нацагдорж “Сүүлэнхүү мөр хөөсөн нь” багт хүүхэлдэйн, Б.Туурай “Шидэт цоор” таягт хүүхэлдэйн, 1985 онд Г.Сапгир, И. Смирнитцкаа “Пашка бялзуухай” хар театрын, 1986, 1993 онд Чехийн зохиолч Власта Поспишилова “Цуурай” утсан хүүхэлдэйн, 1995 онд Б.Лхагвасүрэн “Хуруун чинээ хаан”, 2010 онд багт хүүхэлдэйн наадмыг хар театрын төрлөөр тус тус найруулан тавьсан юм.



Холбоотой мэдээ