Инфляци Монголбанкны зорилтот түвшнээс доогуур хэвээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-07-26 14:55:33

Монголбанкнаас  “Инфляцийн төлөв байдлын тайлан”-г танилцууллаа.

Инфляци зургаадугаар сарын эцэст 2.9 хувийн өсөлттэй гарчээ. Инфляцийг 329 бараа бүтээгдэхүүний үнээр тогтоожээ. Тайланд ихэнх барааны үнэ харьцангуй тогтвортой байсан ч  махны үнэ өмнөх төсөөллөөс өндөр өсөлттэй гарсан байна. Төвбанкны дүгнэлтээр инфляци энэ оны дөрөвдүгээр улирал хүртэл үргэлжлэн буурах төлөв гарчээ. Харин ирэх оны туршид өсөхөөр байгааг “Инфляцийн төлөв байдлын тайлан”-д тодотгожээ.

Инфляци одоогийн байдлаар Монголбанкны зорилтот түвшнээс доогуур хэвээр байна. Үнийн өсөлтийн хурдцаар авч үзвэл мөлхөө инфляци тогтжээ. Энэ нь жилд 3-5 хувийн үнийн өсөлтийг илэрхийлдэг. Мөлхөө инфляци бий болдог шалтгаан нь мөнгөний нийлүүлэлт юм. Харин сүүлийн дөрвөн улирал дараалан агшсан мөнгөний нийлүүлэлт энэ оны эхний улиралд өссөн дүнтэй гарчээ.

Түүнчлэн уг тайланд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал таатай бус хэвээр байгааг дурджээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт үргэлжлэн багасч, эдийн засгийн өсөлт саарсан байна. Эдийн засгийн идэвхжил буурахын хэрээр төсвийн орлого тасарч, хөрөнгө оруулалтын бууралт үргэлжилсээр Хөдөлмөрийн зах зээлийн байдал энэ оны эхний улиралд саарсан үзүүлэлттэй гарлаа.

Б.Заяа

Холбоотой мэдээ