Панамын сувгийн өргөтгөлийн ханыг Хятадын хөлөг онгоц мөргөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2016-07-26 11:20:05

ПАНАМ. /ВВС/. Саяхан ашиглалтад орсон Панамын сувгийн өргөтгөлд маневр хийх зай бага байгаа учраас аюулгүй байдлын асуудал мэргэжилтнүүдийг түгшээж буй энэ үед Хятадын чингэлэг тээгч хөлөг онгоц өргөтгөлийн ханыг мөргөжээ.

Олон сая долларын өртгөөр барьсан өргөтгөлийг нэг сарын өмнө нээснээс хойш ийм осол гурав дахь удаагаа гарч байгаа нь энэ юм.

Тус сувгаар өмнөхөөс гурав дахин том хөлөг онгоц явах боломжтой болсон хэдий ч шинэ өргөтгөл хэтэрхий зай багатай, жижигхэн байна гэж мэргэжилтнүүд шүүмжилж байгаа юм.

Панамын сувгийг хариуцсан албаны хүмүүс эдгээр ослыг мөрдөн шалгаж байгаа ажээ.

Хятадын “China Shipping Container Lines” компанийн эзэмшлийн “Xin Fei Zhou” хөлөг онгоц их биеэрээ ханыг мөргөсөн байна. Одоо энэ онгоцны эвдрэл гэмтлийг засварлаж байгаа гэнэ.

Өнгөрсөн 6 дугаар сарын 26-нд энэ өргөтгөлөөр анхны хөлөг онгоц нэвтэрч байсан юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ