Улиастайд агаар бохирдуулагч тоосонцрын агууламж хэвийн хэмжээнд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-03-04 14:30:41

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймгийн төв, Улиастай сумын агаар бохирдуулагч гол элемент болох тоосонцрын агууламж хэвийн хэмжээнд байна гэж аймгийн Ус цаг уур орчин шинжилгээний газраас мэдээлэв.

Улиастай сумын агаарын чанар, төлөв байдлын судалгааг хийгээд байна. Судалгаагаар агаар бохирдуулагч гол элемент нь хүхрийн давхар исэл, том ширхэгт тоосонцор байна. Ялангуяа халаалтын улиралд PM10 хувьд хүрчээ. MNS 4585:2016 стандартаас давсан бүсүүд гэвэл Жаргалант багт 43-386 мкг/м3, Жинст багт 38-320мкг/м3, Богдын гол багт 65-258 мкг/м3, Товцог багт 76-266 мкг/м3 үүсэж байна. Улиастай сумын гуравдугаар сарын 3-ны өдрийн 14, 20 цагийн байдлаар агаар бохирдуулах хүхэрлэг хий, азотын давхар исэл болон PM10, PM2.5 тоосонцрын агууламжийг MNS4585: Стандарттай харьцуулахад PM 2.5 тоосонцор, хүхэрлэг хий, азотын давхар исэл, PM10 тоосонцрын агууламж хэвийн хэмжээнд байна гэв. 

Сайжруулсан түлшний хэрэглээгээ нэмэх шаардлагатай

Завхан аймаг жил бүр аймгийн агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллогыг хийдэг.

2021 оны 12 сарын байдлаар аймгийн агаар бохирдуулагч суурин эх үүсвэр нийт 11203 бүртгэгджээ. Аймгийн хэмжээнд нийт 112466 м³ мод, 32125.8 тн нүүрс, 2017.8 тн аргал, хөрзөн, боловсруулсан түлш хэрэглэсэн судалгаа байна. Харин хөдөлгөөнт эх үүсвэр 14208 тоологдож үүнээс 80 гаруй хувь нь үзлэг оношилгоонд хамрагджээ. Аймгийн хэмжээнд нийт агаар бохирдуулагч 11 мянган орчим айл өрх 4982.3тн нүүрс, 103176м3 мод, 2017.8 тн боловсруулсан түлш зарцуулсан байна. Завхан аймгийн 24 сумын айл өрхүүд ихэвчлэн мод хэрэглэдэг. 2021 оны тооллогын дүнгээс харахад модны хэрэглээ 2.1 хувиар буурсан, нүүрсний хэрэглээ 3048.5 тонноор нэмэгдсэн харагдаж байгаа нь айл өрхүүд нүүрсний хэрэглээг нэмэх хандлагатай байна. Улиастай суманд сүүлийн хоёр жил сайжруулсан түлшний хэрэглээг нэмэгдүүлсэн нь сайшаалтай. Өнөөдрийн байдлаар агаарын бохирдол хэвийн хэмжээнд байгаа ч иргэд аж ахуйн нэгжүүд хэрэглэж буй түлшээ байгаль орчинд ээлтэй боловсруулсан түлшээр хангах, дулаан үйлдвэрлэлийг нэгдсэн болгох, хөдөлгөөнт эх үүсвэрүүдийг тухай бүр нь оношилгоонд бүрэн хамруулах шаардлагатай юм хэмээн аймгийн Ус Цаг Уур орчны шинжилгээний газраас нэмж мэдээлэв. 

Холбоотой мэдээ