Хоёр начин, харцага, заан, хурц арслан шинээр төрлөө

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2016-07-25 15:21:30

Ардын хувьсгалын 95 жил, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 74 жилийн ойн үндэсний их баяр наадам нартай хуртай, өргөн дэлгэр сайхан болж өнгөрөв. Аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанаас аймгийн начин цолтон 3, аймгийн харцага 1, аймгийн заан 1, аймгийн хурц арслан 1 төрөн гарлаа.

Барилдаанд Монгол Улсын заан Ц. Магалжав, Улсын начин Ц. Анхбаяр, Б. Батжаргал нарын тэргүүтэй 256 бөх зодоглосоноос Түвшинширээ сумын уугуул Б. Буяннэмэх, Мөнххаан сумын уугуул н. Жамсранжав нар аймгийн начин цол, Дарьганга сумын уугуул н. Цэнд-Очир аймгийн харцага цол, Асгат сумын залуу бөх сумын начин Ч. Энхмөнх аймгийн заан цолыг тус тус хүртлээ. Харин Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, Энгүй тал ХХК-ийн бөх аймгийн арслан Б. Номиндалай Ардын хувьсгалын 95 жил, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 74 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд найм даван түрүүлж арслан цолондоо ХУРЦ чимэг нэмж, Сүхбаатар аймаг хоёр хурц арслантай боллоо.

Ийнхүү Сүхбаатар аймгийн хоёр дахь хурц арслан болсон Б. Номиндалай нь аймгийн баяр наадамд 2 түрүүлж, 2 үзүүрлэж, нэг удаа 6 давсан амжилтаараа улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдааныг тэргүүлэх болж байгаа бөгөөд Сүхбаатар аймгийн хурц арслан Б. Номиндалай, Ш. Мөнгөнбаатар нар аймаг цэргийн цолтой бөхийн барилдааны баруун зүүн талыг манлайлах юм.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ